Thursday, July 21, 2011

Солонгон охин




Сормуусаа дэвж
Салхийг үүсгэдэг
Солонгон охины
Тольдох туяанд
Сар тодорч
Үсээ самнахад нь
Үүлс нүүдэг
Гэрэлтэгч өлмийгөөрөө
Гишгэсэн одод нь
Гялалзахдаа
Хотынхныг унтуулдаг
Ховор аялгууг
Дуугаргадаг
Сормуусаа дэвж
Салхийг үүсгэдэг
Солонгон охиныг
Уруулаа шилэмдэхэд нь
Уулсын орой чийгтэж
Энгэрээ сэгсэрэхийг нь
Энд бороо гэж нэрлэдэг.

2011,07,14

/Тэр охин ёстой үзэсгэлэнтэй, үүл нар хоёрын завсар амьдардгийн/

Wednesday, July 20, 2011

Lil Wayne-How to love

Би Лил Вейний шүтэн бишрэгч биш л дээ. Үнэндээ ганц хоёр дууг нь л мэднэ. Нэг их репдээд байдаггүй болохоор. Гэхдээ энэ дуунд ойрын үед үнэхээр их дурлаж байна аа. Өөртөө итгэлгүй болсон, өөрийгөө байгаагаасаа доогуур үнэлж шаналж явдаг охидод сайхан мессеж өгсөн дуу байна лээ. Тэгээд зүгээр л энгийнээр орчуулмаар санагдсан юм.

Tuesday, July 12, 2011

Мэдрэмж-1


Төв биеэс минь
Дөрвөн зүг тархсан
Галт утаснууд цогшихдоо
Гарын минь хуруудыг далавчлуулж
Үсийг минь хүртэл
Өд сөд болгочиход нь
Дэвээд л...

Monday, July 11, 2011

"Чимээ"-тэй чимээгүй өдөр


Өнөөдөр салхинд гарав. Гэрийхэнтэйгээ. Хамаатныхаа ах эгч нартай. Бас долоо хоногийн өмнө хорвоод мэндэлсэн, эгчийн хүүхэд Нандинтайгаа. Төрснөөс нь хойш өчигдөр л харсан юм. Хараад л цээж шархираад байсан. Яагаад юм бүү мэд. Хэн нэгнийг тэгтлээ их хамгаалах хүсэл төрж байсангүй үнэндээ...Сонин юм билээ. Үүлнээс төрсөн үр юм шиг санагдаад нэг л эмзэг.

Ер бусын өдрүүд

/Ус шиг нүдийг минь
Ууж ханаагүй л чи минь/
Дотор биеэрээ
Солонго татуулж
Долоон утсаар нь
Симфони тоглосон
Арьсныхаа цаанаас л
Туяараад байсан
Аялгуулаад байсан
Дурлалт өдрүүд минь...
Ер бусын өдрүүд минь...

2011,07,11

Sunday, July 10, 2011

"Тэнгэрт ургадаг модод"-ын дундуур алхахад


Номыг тань дэлгээд
Хацартаа наагаад хонов
Нулимастай минь адилхан юм аа таны шүлгүүд
Халуу дүүгээд л сэрэв
Нууцыг тань тайлах гэж зүүдээ манаад болсонгүй ээ
Хаанаас ч юм тэнд (нойронд)
Нов нойтон салхи
Салхи л байсан...

(Тэнгэрт ургадаг моддыг
Дэрлээд нойрссоны өглөө нь...)

Хараацай


Надад нэг хараацай бий
Нарийхан салаа сүүлтэй
Хар биш цагаан далавчтай
Хачин...
Хараацай бий

Sunday, July 3, 2011

...


Цамцаа шидчихээд толь руугаа алхлаа
Цаад ертөнцийн БИ
Чанх өөдөөс

Өөрийн чинь үлдээсэн бүхэнд...


Цээжийг минь дэлгээд хар л даа
Энд таны зүүж өгсөн од байна
Ингээд гялалзаад л байдаг юм
Ийм тод гэрэл гэж байх уу?

Friday, July 1, 2011

...хойш


Амьсгалах чинь ч
Аялгуу юм гэдгийг мэдсэнээсээ хойш
Ахин дахин санаа алдахыг чинь л анирдаж
Амандаа гунигаа хүлхэж алхах минь сайхан санагдах болсонсон
Өндөгнөөс чинь атгаад
Өлмий дээрээ эргэхдээ
Өөрийгөө бүжигчин гэж төсөөлсөн тэр үдшээр
Дүүрэн нүдтэй гудамжинд
Ханатлаа үнсэлцсэнээсээ хойш