Saturday, May 28, 2011

Итгэл...

Үнэртэй чинь цуг
Өглөө сэрнэ
Үнэртэй чинь цуг
Өглөөний цайгаа ууна
Үнэртэй чинь цуг
Өдөржин алхчихаад
Үнэртэй чинь би
Үнсэлцээд сална

Sunday, May 22, 2011

Ella Fitzgerald-Misty


Намайгаа хараач, би модонд авирсан муужгайнаас ч сул дорой болчихоод,
Үүлнээс зүүгдээд л, нисээд л яваа юм шиг...

Сүрчиг-Алуурчны түүх

Жан Баптист Грануиллийн төгс үнэрийг бүтээх гэсэн төгс арга-бүсгүйчүүдийг хэрцгийгээр хөнөөж биенээс үнэрийг нь шингээж авах. Заримдаа хэтэрхий төгс юм болгон аймшигтай байдаг.

Нар жаргаж байна


Нар жаргаж байна
Над руу сая харсан муурны нүдтэй адилхан юм
Шар бас дундуураа зураастай
Тэр зураас магадгүй хүйс нь байх

Saturday, May 21, 2011

Яагаад...

Яагаад шөнө гэдэг үг тайвшрал гэдэг үг хоёр адилхан сонсогддогийг
Яагаад сараана цэцэгний үхэл хүртэл үзэсгэлэнтэй харагддагийг
Яагаад асаасан шүдэнз удаанаар ёолох нь зүрх түлдгийг
Яагаад нисэж сурсан шувуу бүр эрх чөлөөний тухай боддогийг
Яагаад...
Яагаад нисэж сурсан шувуу бүр чамтай
Яг ижилхэн санагддагийг л...

/Дэндүү их дэндүү их дэндүү их...савнаасаа хальж асгарсан хальсаа цоолсон, урсан их эрх чөлөө.../

Дөрвөн өдрийн...

Тайлаад тавьсан цамцны чинь
Товчинд хүртэл цоо ширтүүлж зогсохдоо
Би юугаа ч нууж чадаагүй...
2011,05,18

Салхи миний үнэрийг биедээ түрхээд
Болзоо руугаа гүйсэн дээ...
2011,05,19

Цэнхэрийг атгаж авахаар
Тэнгэр лүү гараа дүрэх...
201,05,20

Цэцэгнүүд энгэрээ гэнэт задгайлж
Өөрийгөө илчлэх нь
Ичгүүртэй санагдах...
2011,05,21

/Ямар нэг холбоо сүлбээ учир жанцан байхгүй ээ зүгээр л олон жижигхэн юм оруулж байхаар гэж бодсын.../

Wednesday, May 18, 2011

Хойч

Өчигдрийн борооны
Үхмэл дуслууд хөл дор шуугина
Өрөвдөлтэй ч
Өнөөдөр тэнгэр ахиад л амаржиж байгаа гэж бодохоор...

Monday, May 16, 2011

Зүрхэн доторх ажин түжин


I
Зүрхэн дотор минь чи
Зуун хоног тэнүүчлэхдээ
Яагаад нэг ч удаа
Эргэн тойрноо ажаагүй юм бэ?
Ажсан бол
Тэндэхийн тэнгэр эндэхээс
Тэс өөр ягаан өнгөтэй гэдгийг
Чамайг хааяа хамаагүй дэвхцэх бүрт
Час улаан цасаар шуурч эхэлдэг гэдгийг
Мод бүр нь ганцхан навчтай гэдгийг
Тэр навчин дээр нь ИТГЭЛ гэж сийлээстэй байдгийг
Чи анзаарах л байсан

Sunday, May 15, 2011

Katie Melua-I Cried For you

Чи маш чимээгүй хирнээ үзэсгэлэнтэй
Чиний гоо үзэсгэлэн цэнхэр өнгөний сүүдэр дор бий
Чам руу харахад л
Чиний гоо үзэсгэлэн намайг хэрцгийгээр илбэдсэн

Thursday, May 12, 2011

Хэн нэгэн нь...


Зүрхэн дотор минь нэг
Гэрээсээ төөрсөн жаахан охин
Гудамжны модон сандлан дээр суугаад
Хуруугаараа оролдож байна
Хэн нэгэн түүнийг гэрт нь хүргэж өгөөсэй

Хайр асуусан үг

Чиний сэтгэлийн цусыг
Голын ус гэж бодоод
Өөрийнхөө сэтгэлийн
Гал улаан эргээс
Чулуу авч шидвэл
Шидсэн чулууг минь тэр залгих болов уу?
Хөвүүлэх болов уу?

Чамд дурласан өдөр


Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан

Saturday, May 7, 2011

Цав цагаан бошинзтой...

Цав цагаан бошинзтой
Царайлаг охид-Цас
Гартаа бүгд жижигхэн хонх атгачихжээ
Газарт инээлдсээр буухад нь
Жингэнээд л, жингэнээд л

Wednesday, May 4, 2011

Чи мэдэхгүй

Чамайг надад
Шүлгээ уншиж өгөөд
Шүлсээ хаях хоорондуур
Зүрхэндээ би
Шөнөтэй ханьсаж хөтлөлцөөд
Шүүдэр цуглуулж амждаг
Чи мэдэхгүй

Monday, May 2, 2011

Тест


Эмийн сан хүртэл 93 алхам. Хүүхэд байхдаа тэгж тоолж байсан санагдана. Одоо тэр үеийнхаас би хамаагүй том алхдаг болсон байх даа.