Friday, June 24, 2011

Хэн нэгэн шиг...


Хэн нэгний гар шиг салхинд
Хормойгоо сөхүүлэх
Хэн нэгний инээд шиг цасанд
Хоёр нүдээ сондорлуулах
Хэн нэгний нүднүүд шиг бороонд
Ширтүүлэн ширтүүлэх
Хэн нэгний уруул шиг үнэрт
Шимүүлэн озуулах

2011.06.21


Энэ их усан борооноор
Эгэм дээрээ хүйтэн ус тогттол
Их удаан алхахсан

Saturday, June 18, 2011

Би сайхныг мэдэрч байна /орчуулга/


Дээгүүр нисэх шувуу чи, надад мэдрэгдэж буйг мэдэрч буй
Тэнгэрт байгаа нар чи, надад мэдрэгдэж буйг мэдэрч буй
Дэргэдүүр давхих салхи чи, надад мэдрэгдэж буйг мэдэрч буй
Шинээр үүр цайж байна, шинэ өдөр эхэлж байна, шинэ амьдрал өмнө минь байна
Тийм ээ, би сайхныг л мэдэрч байна

Friday, June 17, 2011

...

Орчлоон гээд орилоодохтол
Одод товч шиг тасраад
Ойж унахыг үзэв...

Sunday, June 12, 2011

Нүглээ наминчлахсан...

Хувь тавилангийнхаа эхлэл төгсгөл хоёрыг
Холбож зангидаад
Хуруунд минь зүүж өгөхийг тэгтлээ хүссэн чиний
Нүдний чинь доор мэнгэ болж зогсоод
Нулимсанд чинь өдөр бүр норж
Нүглээ наминчлахсан... /11.06.12/

Духны минь урдуур унжсан үсэн дээр
Тув тунгалаг борооны ширхгүүд...
Чинэрсэн хөхний толгойн дээр үрлэн сүү бөнжигнөх шиг
Чичирсэн тийм нэг дуслуудад хүрвэл цоччих юм шиг эмзэг санагдаад
Үсээ шууж чадсангүй ээ...
Өдөржин би гивлүүртэй алхлаа /11,06,06/

Saturday, June 11, 2011

Анна Ахматова: Зүрхнээс минь шүүрэх нарны дурсамж


Зүрхнээс минь шүүрэх нарны дурсамж,
Шаргал өвс.
Сульдуухан хаялах цаг эртийн цас,
Бүдэг бадаг.

Friday, June 10, 2011

...

Үүрээр босч
Үснээсээ сарыг самнаж унагаад
Шөнийг тайлж, нүдэндээ эвхэж хийчихээд
Өглөөг нөмөрч ертөнцийн тагтан дээр гартал
Нар ганцхан үсэрч дээшээ гарч ирээд
Надад баглаа гэрэл бэлэглэж
Болзоонд урьлаа
Бодох ч завдал гарсангүй...

/Нартай зугаалсан тэр өдөр би их халууцсан...:p/

Анна Ахматова: 3-р сарын элегия


Хазайсан оройтой чимээгүй сүм,
Хар хэрээнүүдийн чихарсан хоор дуу,
Галт тэрэгний шүгэлдэх чимээ,
Гяндангаас дөнгөж суллагдсан эр шиг
Газарт ядрангуй зогсох хус мод
Ариун Библийн
Ариун моднуудын хоорондох
Шөнө дундын нууц хурал,

Wednesday, June 8, 2011

Чиний л дэргэд би...


Чиний л дэргэд би
Жижигхэн охин болчихдог
Амттан авахуулж идээд
Амандаа юуг ч юм шулганаж алхдаг
Өөрийнхөө зохиосон хэлээр
Үлгэр ярьж өгдөг
Үнэндээ бүгдийг мэддэг хирнээ
Үргэлж “яагаад?” гэж чамайг шалгаадаг

Sunday, June 5, 2011

БИ


БИ
Биенээс ууршаад салдаггүй үүл.
Биелэх болоогүй зүүднүүд.
Бодлуудын ээлжээ хүлээх цуваа.
Бороо нэг нэгээрээ дуслах шиг.
Бодлууд минь...нээрээ бороо. Өөртөө
Шивнэх минь шиврээ шиг.
Асгарах л нь харин
Асар хүчтэй дэлбэрэлт шиг.
Бөмбөг тэсрэх шиг, тэгээд
Бөмбөлөгнүүд хөөрч байгаад хагарчих шиг.
Бодлууд...
Бөөн бөөн бодлуудын бөөгнөрөл...БИ

Friday, June 3, 2011

Диваажинд хүрэх шатаа...

"There's a lady who's sure all that glitters is gold
And she's buying the stairway to heaven.
"
Led Zeppelin-Stairway to Heaven


Диваажинд хүрэх шатаа худалдаж авсан
Тэр эмэгтэйн домгийг сонсож алхахад
Тэнгэрээс хэн нэг ТУНГАЛАГ өнгийж ирээд
“Амьдрах уу?” гэж надаас аяар асуулаа