Sunday, August 28, 2011

Самрын үр шиг жаахан болоод...


Самрын үр шиг жаахан болоод
Салхины хэмнэлээр дүүжигнэх
Бүв бүлээн ганц навчин дээр хэвтэж
Бүүвэйлэгдэн бүүвэйлэгдээд
Өчигдрийг бас өнөөдрийг
Үүрд мартан мартатлаа
Өнө удаан нойрсох юмсан.

2011 08 28

Сая сая жилээр...


Сая сая жилээр
Сарниж алга боллоо гэж
Би чамд хэлсэн
Санана даа гэж чи даанч хэлээгүй

Дэрэн дээр дуслах нулимсыг...


Дэрэн дээр дуслах нулимсыг
Нэг нэгээр нь тоолж
Дээшээ харж урссаар
Үүр цайлгачихжээ
Тэнгэр ийм хүнд байсныг мэдсэнгүй
Хоёр нүдээрээ шөнөжин өргөх гээд чадсангүй
Газрыг ийм давалгаатай байсныг ч мэдсэнгүй
Гараараа тулж босох гээд чадсангүй ээ... /2011 8 29/

/Эрх чөлөө хүртэл дөнгөтэй байдаг юм гэсэн/

Saturday, August 27, 2011

Камертон-Мод үүл хоёр

Нулимсаа даахгүй уйлсан үүл
Нууцхан шаналан хөвөн явахдаа
Салхинд гандсан модыг хараад
Санаа алдан өрөвдөн зогсчээ
Сар жилийн уртад ганцаардан хатжээ

Цорын ганц...

Цорын ганц жаргал чинь болъё!
Цорын ганц зовлон чинь болъё!

Цуурай чинь...
Цуу алдар чинь ч бас болъё!

Цуурсны чинь наалт
Цоорсны чинь нөхөөс болъё!

Хүйтэн үнэртнүүдээс чамайг хамгаалах гэж
Хүзүүн дээр чинь суудаг сахиус болъё!

Хүсэл бүрийг чинь ойлгодог болох гэж
Хүүхнүүдийг хардаг нүд чинь болъё!

Өврийн чинь дэвтэр болоод би
Өөрийнхөө хуудас бүрийг дэлгүүлье!

Аюулаас чамайг амиараа хуягалдаг
Арьсны чинь гадуурх арьс болъё!

Зүгээр л ердөө
Зүрх чинь л болчихъё!

Зүүн цээжний чинь
Зүүлт нь болъё!
2011.08.26

Wednesday, August 24, 2011

...


Ганц хөл дээрээ өдөржин эргэсэн бүжигчин шиг
Газрыг онож гишгэж чадахаа болив, би
Хундаган дотроо гал дүүргэж уусаар
Хуурайшсан сэтгэлээ түймэрдэж орхив, би

Tuesday, August 23, 2011

Навчсын дунд
Навч болон хийсэхэд
Нарийхан судлаараа
Нарны зүү сүлбэхийг мэдрэх
Устай цуг
Ус болон урсахад
Буй биеэрээ
Бусадтай холилдож үзэх
Үүлстэй цуг
Үүл болон хөвөхөд
Үнэн худлын завсраар нь
Үргэлжилж үзэх
Цастай цуг
Цас болон ороход
Амрагийнхаа алган дээр
Амь тавьж үхэх
Хүмүүстэй цуг
Хүн болж амьдрахад л...


Thursday, August 11, 2011

... /Данзангийн Нямсүрэн/


Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй
Өврөөс сэрэх янагийн минь хөмсөг алтан хараацай шиг нисмүй
Өглөөний тунгалаг, мөнгөн талынхаа дууллыг чагнамуй
Өврөөс сэрэх янагийн минь сормуус алтан хийл шиг харагдмуй
Өргөн нуга хөндий ян тас хөлдөх нь зүүрмэг үүрээр дуулдмуй

Monday, August 1, 2011

Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно...


Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно
Ойртсон хөлийн чимээ сонсогдон, ус авсаар эргэх бүсгүйн
Орь залуухан цогцос харанхуйн дунд сүүтэгнэн дөхнө
Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ
Орчлон хорвоо бүрэнхийн дунд хөлөг онгоц дайвалзах шиг
Очиж хувинтай усыг авах зуур гарыг нь атгахад бүлээн
Ондоон гаригийн хүн шиг бишүүрхэн мэндлэх бүсгүйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаастай байна... /О.Дашбалбар/

Тэр охин.../өгүүллэг/


Тэр охин надад ээжээсээ илүү хайртай байв. Яагаад гэвэл цуг элсэн талбай дээр тоглож байхад тэр элсээр ээждээ жижигхэн, харин надад илүү том зүрх хийж өгдөг байсан юм. Байрны минь үеийн хүүхдүүд намайг “Еээ охинтой нийлээд байхдаа яадаг юм, чи охин юм уу” гээд л шоолдог байлаа. Тааралдах болгондоо шүү. Тийм болохоор л би түүнийг дагуулаад зориуд хажуугийн байрны гадаа очиж тоглодог байсан юм. Түүнээс өөр хүүхэдтэй цуг байхыг хүсдэггүй байв.