Tuesday, September 27, 2011

Салхи байсныг чинь мэдсэнгүй

Үсийг минь ширхэглэн имэрч
Үнэрийг минь хэсэгчлэн хулгайлдаг байсан
Салхи байсныг чинь мэдсэнгүй
Санаанд оромгүй атлаа санаанд орж
Санагдмааргүй атлаа санагдаад байдаг байсан...
Салхи байсныг чинь мэдсэнгүй
Зүүд шиг хоосон, энэ ертөнцийнх биш чамайг
Зүсээ арав хувилгахад чинь огт гайхаагүй ч
Зөрөөд өнгөрөх чинь л үнсэлт адил намайг сульдаадагт
Зүгийг чинь дагаж би зөндөө хийссээн
Салхи байсныг чинь мэдээгүй
Үхэл мэт амьдрал
Үнэн мэт худал минь...
Аюул дүүрэн тайтгарал
Алдаа бас оноо минь
Арай л хожимдож, бас
Арай л эртдэж ирсэн амраг минь
Анхны бороо минь...
Ахиж бичигдэхгүй хамгийн төгс шүлэг минь
Ганцхан чамд л зохидог
Тэр их эрх чөлөөний
Гараас нь зуурч үзэх гэж
Дэндүү их хичээлээ
Салхи байсныг чинь мэдээгүй юм аа, уучил
Салхи байсныг чинь л...

2011,09,27

Thursday, September 22, 2011

Дурлалтай нүүр тулахуй


Би өөрийгөө “тийм” гэж боддог, бүр тэр бодолдоо бат итгэдэг байлаа. Гэтэл юу болсон гэж санана? Дурлаад ирсэн чинь, би “тийм” биш эсрэгээрээ “ийм” болж таарлаа. Бүр нилээн хэдэн талаараа гээч.