Friday, April 5, 2013

Эделвайсын тэмдэглэл

"Цагаан уул" л намайг хавартай яг нүүр тулуулах юм даа. Ирчихсэн байсан мөртлөө намайг тойроод л гүйгээд байж шүү дээ, энэ хавар. Өлмий доор олон олноороо сөхөрч унах өвлийн цасдыг өрөвдөж гэлдэрсээр байгаад хаврынхаа царай зүсийг нь мартах шахсан байсан ч, намайг гараа бас нүдээ хаачуулахаа үл мэдтэл тулгамдуулдаг олон аашаар чинь л би чамайг гарцаагүй над дээр ирснийг таньлаа. Жил бүр энэ л үеэр хөөс шиг хөвсөлзөн хөвсөлзөн алхах хичнээн таатай.

 Надад зориулж босгосон дэндүү гоёмсог цамхагийн чинь хаалгыг нураагаад би Цагаан бас Уул шиг хүн рүү гүйгээд оччихлоо. Дуудахад нь татгалзаж чадаагүй юм аа, учир нь тэр дэндүү Цагаан бас дэндүү Уул шиг байсаан. Үлдээсэн үнэрээр минь чи намайг өөрийнхөө хөнжилөөс яваагүй л байна хэмээн эндүүрч л суугаа. Үнэнийг мэдээд хэрхэн урагдахыг чинь сонсч тэвчихгүй болохоороо өд төдий өчүүхэн дотортой би тэнгэр мэт уудам чамаасаа хийсээд явлаа. Тэнгэр мэт уудам чамаасаа, тэнгэр мэт том чамаасаа, бүх муу муухайг минь дээвэрлэсээр, нөмөрлөсөөр авч халхавчиндаа үүрд үлдэхийг ч зөвшөөрч мэдэх тийм агуу тэнгэр мэт чамаасаа сөд мэт хөнгөн би чинь алдуурлаа. "Чинь" гэдгийг магадгүй би одоо сүүлийн удаа хэрэглэх ёстой. Би "чинь" байхаа одооноос болино. Би зүгээр л Би болно. Уул мэдээж Тэнгэрийг гүйцэхгүй ээ. Гэхдээ Уулын нөмрийг дагаж хийсч үзмээр санагдсан юм. Уулын энгэрийг холбох солонго болж үзэх гэсэн юм. Уулын жимсгэнэ, уулын цэцэг болох гэсэн юм аа. Ганцхан хавар цэцэглээд хагдрах байсан ч хамаагүй дээ, үзэх л гэсэн юм...

 Солио өвчин маань ингээд л эхэлж байгаа нь энэ дээ.
Ийм 4 мөртэй хоцорлоо, өнөөдрөөс.

 Хундагатай дарс шиг сэтгэлийнхээ ирмэгээс
Хурууны тань ганцхан хээг олж үзээд дуусмаар байна
Алчуур шиг нимгэхэн ийм насныхаа зоргоор
Алганд тань ганцхан удаа дэрвэчихээд хийсмээр байна 2013.04.05

Friday, February 8, 2013

Амсар нь зөрсөн тойрог

Аяга шиг хаана ирснээ
Ойлгох шиг бодогдоно оо
Зөрсөн үг
Сүүлчийн ганц навч
Агаарт шатах шиг
Нурман дээр гарсан мөр
Бодол минь цайна
Би энэ зам дээр хичнээн удах вэ
Манан бууж нүд бүрхсэн ч
 Би хазайхгүй ээ

Tuesday, January 8, 2013

2013.01.08

Чамайг хайрладаг болоод
Бүхнийг хайрладаг болсон
Чамайг хайрлахаа болиод
Бүхнийг хайрлахаа болисон
***
Маш их хүссэн зүйл
Эргэн ирдэг гэдэгт
Маргааш бүхэнд итгэх
Итгэл минь чи билээ
Бүлэг бүлэг дүүргэсэн
Учрал бүхний түүхүүдэд
Шүлэг төдий л үлдсэн нь
Ганцхан чи билээ
***
Амнаас чинь унаж зүрхлээгүй
Амлалтын төлөө
Ахиад л хүлээж зүрхэлсэн
Арван зургаатай сэтгэлийнхээ төлөө
Инээгээд л байдгийн чинь
Ингээд хэнийг ч гомдоодоггүйн чинь төлөө
Намайг тэвэрсэн атлаа
Надад хүрээгүй гарын чинь төлөө
Тэргүүн сонголт чинь байсан
Тэр бүсгүйн төлөө...
Баяртай гэхийн аргагүй
Бардам байсан чиний төлөө
Эрх дураараа зангаа
Эвхтлээ дурласан өөрийнхөө төлөө
Энэ хундагаа өргөе!
Ирээгүй мөртлөө явсны чинь төлөө...