Saturday, December 3, 2011

Бурхантай хийсэн яриа


“Нэгэн нулимасны дусал галыг унтрааж
Нэгэн хар цэцэг дэлбээгээ нээж байна...
Би хэн нэгэн залбирахыг сонсож байна”
“Massive Attack”-ийн нэг дууг орчуулж дуусаад төгсгөлийг нь ингэж хийлээ. Энэ дуунд миний мэдэх хамгийн зөөлхөн охин их дуртай. Тэр охин дандаа ирээдүйг зүүдэлдэг юм. Яг ч цаг хугацаагаар аялдаг үгүйг нь мэдэхгүй. Харин надад ярьж байсан зүүднүүд нь үргэлж биеллээ олсон байдаг.

Зөөлхөн охин нэг удаа намайг нүүрээ дараад, хоёр тийшээ гүйгээд уйлж байна гэж зүүдэлсэн гэсэн. Энэ зүүдний дараахан нь надад яг тийм явдал тохиолдсон юм. Азаар би гудамжаар тэгж гүйгээгүй л дээ. Нүдэн дотроо харин өчнөөн удаан гүйсэн. Яагаад гэвэл миний нүдэн дотор нуугдах газар олон байдаг юм.

Тэр үед миний нулимас болгон, унахдаа хөл доор хөглөрсөн үү, зүрхэн дор бужигнасан уу, их олон галыг нэг нэгээр нь унтрааж байх шиг санагдаж билээ. Тиймээс ч би бүгдийг нь унтраахын тулд удаан асгаруулсан хэрэг. Нулимас байгаагүй бол би газар дээрээ шатаж үгүй болох байсан байж мэднэ.
Нулимас болгон тарни. Тиймээс уйлж байгаа хүн болгон залбирал үйлддэг юм гэсэн. Уйлах чинь хамгийн ариун үйл. Ариун залбирал. Ингэж бодож дуусаагүй байтал надад нэг юм дуулдаж эхэллээ.
Би хэн нэгэн залбирахыг сонсож байна.

Нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь хараагүй эртний танилын минь амьсгалах чимээ яг мөн. Тэр ирчихжээ. Зүүдээ санаж чаддаг насанд хүрснээс хойш, үе үе над дээр, энэ урилгагүй зочин ирэх болсон. Заримдаа тэр миний гарнаас атгадаг. Тэгж хөтлөлцсөний дараа алга минь гурван хоног халуу дүүгдэгсэн. Заримдаа тэр ирчихээд мөрөн дээр минь гараа тавьж, эсвэл намайг дэрлээд унтчихдаг. Үүнийг нь би зөвхөн мэдэрдэг юм. Харин энэ удаад тэр хажууд суучихаад залбираад байх шиг. Амьсгалынх нь хэмнэл яг залбирсных. Тэгвэл тэр уйлж байгаа юм байна шүү дээ.
Надтай ямар нэг талаараа хэлхээтэй санагддаг үл таних зочноо өрөвдсөндөө нүдээ анилаа. “Хүн болгонд өөр өөрийн явах ёстой зам байдаг” Түүний залбиралд хариулахын тулд би амандаа ийн үглэв. Юу гэж залбирсныг нь чихээрээ сонсоогүй ч, яагаад ч юм сэтгэлдээ мэдээд байлаа. Энэ магадгүй нөгөө хэлхээтэй холбоотой байх.

-Тэр сонгосон замынхаа турш хүн хэвээрээ алхана гэдэг хэцүү. Энэ бол үнэн.
-Үнэн гэнэ ээ? Үнэнд итгэнэ гэдэг чинь худалд ч бас итгэж байгаагийн нэр. Энэ хоёр чинь угтаа нэг газар байдаг юм.

-Худал хуурмаг тэгвэл юу болж таарах вэ? Цагаан өнгөтэй үнэнг тодруулж харуулахын тулд, түүнийг тойроод хэвтэж байдаг хар өнгө юм уу?

-Амьдралыг угаасаа хар цагааны холимог гэж боддогоосоо болоод чи шаналж байгаа юм. Яг үнэндээ амьдрал чинь өнгөгүй юм. Үгүй ээ, амьдралыг тодорхойлох өнгийг хараахан нээгээгүй байгаа гэвэл зөв юм байна. Хэтэрхий сайхныг юутай ч зүйрлэж болдоггүй шүү дээ.
-Амьдрах сайхан гэдгийг юугаар батлах юм бэ гэж үү? Чиний амьсгалж байгаагаар, чиний уйлж байгаагаар батлая. Амьд биш байсан бол чи ингэж чадахгүй байх байсан.
Ар араас нь угсруулан амандаа хэлсэн энэ үгсийнхээ утгыг би өөрөө ч ойлгосонгүй. Амьд эсэх нь тодорхойгүй хэн нэгэнд, амьд байх тухай хэлж байгаадаа гайхаж байв. Эртний танилынхаа залбиралд ухамсаргүйгээр хариулсаар байгаа бололтой. Эсвэл би түүнтэй огт ярилцалгүйгээр ярилцаж байгаа юм шиг байна. Ойлголцолгүйгээр ойлголцож байгаа юм шиг байна. Чихэнд минь харин нэг л зүйл тодхон цохилж байна.

Би хэн нэгэн залбирахыг сонсож байна

Намайг сүүлийн өгүүлбэрээ хэлсний дараа залбирах чимээ бүдгэрч эхлэв. Хэн нэгэн маань хүссэн хариултаа авсан бололтой. Уйлж байгаад тайвширчээ. Залбирлын бүдгэрэх чимээ нь надад ойртон ойртсоор байгаад, арьсыг минь нэвтлэн миний дотор уусаад орчих шиг боллоо. Гэнэтхэн миний цээж түвхэлзэж, хүчтэй гэгч нь эхэр татаад би нүдээ нээлээ. Биенээсээ гарчихаад эргээд ороод ирсэн шиг нэг л хачин.
Энэ чинь юу вэ? Хацраар нойт даах шиг болов. Тэмтрээд үзтэл...итгэмээргүй юм. Энэ нулимас байв. Хэзээ уйлчихсанаа огт санасангүй. Тэр л уйлж байсан. Хэн нэгэн л уйлж байсан шүү дээ. Арай...хэн нэгэн чинь би юм биш байгаа? Өөр хэний ч биш, өөрийнхөө залбиралыг л би сонсож байсан юм биш байгаа? Тэгвэл сая хэн тэр бүх амьдралын тухай сургаалийг хэлсэн болж таарах вэ? Бурхан уу? эсвэл дахиад л би юу? Ингэж бодмогц эргээд чих шуугиад эхлэв.

Би хэн нэгэн залбирахыг сонсож байна...

No comments:

Post a Comment

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.