Friday, November 2, 2012

Ханатлаа уйлчих!

Чихээ дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л сонсдог. Уруулаа дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л хэлдэг. Нүдээ дарлаа. Би дандаа сайхан...Юу ч харахгүй болохтой зэрэгцэн, юм бүхнээс арай гэж нуугдаж чадсан юм шиг мэдрэмж төрж, амар амгалан болов. Ханатлаа уйлчих!
 Ханатлаа уйлчих!
<! --more-- >  Өөрөө л харахаа больчихвол, бүх юм харагдахаа больчихдог гэдгийг би яагаад ч юм мартчихсан байж. Тэгээд л би урсчихав. Хоёр нүднээс зөвхөн “үнэн” урсана. Чин үнэнээ бусдад харуулахыг хүсээгүй болохоор би өөрийгөө алганыхаа араар нууж байгаад уйлсан юм. Инээж байгаа хүнээс үнэнийг харах хэцүү. Харин уйлж байгаа хүнээс худлыг харах боломжгүй. Зүрхний аяганаас хальсан ус тийм тунгалаг байдаг. Хүн болгоны сэтгэлд гал бий. Жинхэнээсээ уйлж, инээж, баярлаж, гомдож, уурлаж чадаж байгаа цагт тэр гал унтрана гэж байдаггүй. Уйлах үед өнөөх гал эргэн тойрноо шатаахад ч бэлэн болтлоо улангасдаг. Сэтгэлийн галны эрчим хүч уйлах үед дээд цэгтээ хүрдэг байх. Хүмүүс уйлж байгаа хүнийг сул дорой гэж боддог ч, үнэндээ хүний хамгийн хүчтэй мэдрэмж бол уйлах юм. Учир нь инээд ч дээд цэгтээ хүрвэл уйлахад хүрч төгсдөг. Тултлаа уурлах үед тэр мэдрэмж уйлахаар солигддог. Туйлдаа хүртэл баярлах үед ч хүн уйлж, туйлдаа хүртэл гомдохдоо ч уйлдаг. Хөнжлөө базлаж дур тавих үедээ уйлдаг нэг эмэгтэйг би танина. Сэтгэлийн хөдөлгөөн бүр булчин шиг эрчлэгдсээр төгсгөлөө үргэлж нулимсаар зангиддаг. Төгсөх гэдэг үг “төгс” гэдгээс гаралтай гэдгийг өмнө нь анзаарч байсан уу? Яг одоо уйлмаар байвч, ямар нэгэн юмнаас айсаар байна уу? Юунд ч санаа зоволгүйгээр, бодолдоо хурсан саарал үүлнээс хур буулга. Чамайг чамаас өөр хэн ч шүүх эрхгүй. Цээжин дотор чинь нүдэж байгаа бөмбөрнөөс оч үсэрч байна. Тэндээс давалгаа сонстож, давс үнэртэж байна. Тэр чимээг ил гарга. Ган болсон газар шиг хатаж ширгэсэн нүдээ ивээл дүүрэн нулимсаараа норго. Өөрийгөө аврах цорын ганц зам бол энэ. Хэн ч чамайг хараагүй, зөвхөн өөртэйгөө л хамт байна гэж бодоод цурхирчих. Хувцсаа тайлаад алхах шиг л чи чөлөөлөгдөх болно. Хайж хайж, сая л нэг гэртээ ирчихсэн юм шиг тайвшралыг олно. Энэ үед л өөрийгөө тэвэр. Өөрөө өөрийнхөө тэврэлтийг ЧИ ямар их санасан байх бол оо? Гуниг эгшиглүүлэх хийлийн утас шиг чичирсэн сэтгэлдээ чөлөө олго. Хүчтэй харагдах гэж жүжиглэж ханалаа. Харин одоо ханатлаа уйл! Хоолойд чинь тулгасан хутга шиг хурц үзүүртэй олон асуултын тэмдэгт өгөх хариулт чинь тэр болог. Ялагдаж байна гэж өөрийгөө бүү бод. Уйлах ч завгүй өөрийгөө хууран гүйсээр байгаа хүмүүсийн урсгалаас тасарч, замын чулуун дээр сууж албаар амсхийж байгаад, угааж дуусаагүй даавуу шиг ус даасан сэтгэлээ мушгиж орхи. Хорвоогийн тоосонд дарагдаж, нисч чаддагаа ч мартах шахсан далавчныхаа өд сөдийг сэгсэр. Юм бүхэн чамд хэцүү байсныг мэдэж байна. “Зүгээр ээ” гэдэг үгний чинь цаана үргэлж зүсээ нуусан нулимас байсан. Уйлтлаа гомдож, уйлтлаа баярлаж чадсан нүд хамгийн ариун байдаг болохоор өөрийгөө ялж байна гэж бодоод хамаг бүхнээ сул тавь. Уйлж байхдаа хүн “үнэн” байдаг. Үнэн юм л “төгс” байдаг. Өө сэв болгон чинь үнэн учраас уйлж байгаа чи л төгс юм. Чи уйлмаар байна уу?

Saturday, October 13, 2012

Lana Del Rey-Ride /Prologue translation/

Тэгэхэд миний амьдралд өвөл болж байсан-харин надтай учирсан эрчүүд цорын ганц “зун”-ууд минь байлаа. Шөнө бүр би тэдэнтэй цуг бүжиглэж, инээлдэж, уйлалдаж байгаагаар төсөөлөн нойрсдог байлаа. Ертөнцийг нээх төгсгөлгүй аялалд гурван жилийн турш явахад минь тэд л намайг хамгаалж байсан. Тэр үед л би жинхэнээсээ жаргалтай байсансан...
 

Friday, August 31, 2012

Түүх

Tumblr_m9e6v1wjur1rtkuupo1_500_large 
Өвөг дээдсийн минь зүрхнүүд
Өөдөөс унаад ирэх шиг...
Өвөр дээр дүүрэн навч. /2012,08,31/
 
 

Tuesday, July 3, 2012

...төлөө!

“Олигтойхон аргадаж чадсангүй явууллаа даа!” Хаварт хандаж ингэж хэлээд, түүнийг энэ чин сэтгэлийн үгийг минь сонссон гэж итгэлээ. Энэ хэд хоног зөндөө олон хүмүүст уур уцаартай, олон ааштайгаараа дуудуулсан ч гэнэн гэгэлгэн, танхил хэвээрээ УБ-аас түр явж буй хонгор Хавартай хийсэн салах ёс минь энэ болог. Сүүлчийн цас, анхны бороо хоёрын “тэврэлдэн уулзсан” тийм нэг өдөр хотынхоо гудамжаар Yiruma-г сонсонгоо тайвуухан алхав

<!-- more -->
Зунд хэтэрхий их яарсандаа, цонхны цаана тэр чигээрээ саарал өнгөтэй байхыг харсаар байж нимгэхэн задгай гуталтай гарчихсан би доороосоо жиндэж, үе үе өсгийгөө хооронд нь чимээ гартал нь товшиж алхсан ч, нүцгэн хөлөн дээр минь буумагцаа “дур мэдэн” хайлж, арьсанд минь өөрийгөө шингээн үлдэж байгаа цасны эрх аашийг хорих хүсэл байсангүй. Тэр чигтээ л алхлаа. “Толгойгоо” цухуйлгах гэж хичээж байгаа шинэ “амийг” өндийлгөхөд өөрийгөө сайтар бэлдсэн цэнгэг ногоон өнгөтэй, дээшээ харсан цоморлигууд луу нүд минь татагдав. Хальхан харвал босоо яргуй шиг хэлбэртэй цоморлигууд дээр борооны том том дусал нэг нэгээрээ донжтой нь аргагүй, бөнжигнөн тогтсон нь, яг л тэр ургамлын навчнуудынх нь доор царайгаа нуучихсан олон бяцхан анаахайнууд, зөвхөн тунгалаг сархадтай хундагаа дээш өргөөд “Төлөө!” гэж хэлэх шиг санагдлаа. Эсвэл бүр тэгж сонсогдсон ч байж магадгүй.

“Зун ирсний төлөө!” л гэж “тэд” ингэж найрлацгаасан байх. Түрүүнээс хойш замын голд өвдгөө даран, бөхийж, тэдгээр бөндгөр дусалнуудыг харж зогсоо би, энэ уухайг сэтгэл зүрхээрээ сонсоод, нэгдэхээр шийдлээ. Тэгээд гараа хартал, уугаад талд нь оруулчихсан ундаа атгаастай байв. Түүнийгээ онгойлгож, өнөөх “үл үзэгдэгч анаахай”-нуудын зүг дохиод, “төлөө!” гэж тэдний адил, гэхдээ маш аажуухнаар шивэгнэлээ. Гэхдээ юуны “төлөө” билээ? Өөрөө өөрөөсөө ингэж асуух нь тэр. Ерөөх зүйл хэтэрхий олон. Сая гудамжаар явж байхад таарсан, модны мөчир дээр суугаад, бие биеэ далавчаараа нөмөрлөж байсан хос болжмор, түүний наана алхаж явсан, хоёулаа бээрсэндээ мөрөө хавчиж, хүрмэндээ шигдсэн мөртлөө гараа л хэзээ ч тавихгүй гэсэн шиг чангаар атгалцчихсан хос залуусын төлөө! Тэднийг хамгийн түрүүнд ерөөмөөр...

Магадгүй нарлаг халуун өдөр би эргэн тойрон дахь энэ хөвж явсан их “хайр”-уудыг анзаарахгүй л алхах байсан. Орчлон ертөнц бараан өнгөө харуулсан болохоор л, тэднээс цацарч байгаа гэрэл тийм тод үзэгдсэн хэрэг.Амьдрал ч бас яг үүний адил. Дэндүү жаргалтай явах үед хамгийн үнэ цэнэтэй “хайр”-ыг бид тоодоггүй. Харин хорвоогийн сүүдрээр алхаж явахдаа л эргэн тойрон дахь нарны гэрлийг хамгийн сайн хардаг. Тэгэхээр гэрлийн төлөө, бас гэрлийг харах нүдийг хайрладаг сүүдрийн төлөө! Жаргалын төлөө, бас жаргалыг даах тэнхээг хайрладаг зовлонгийн төлөө! Ерөөе, дахин ерөөе...


Ямар ч болзоот залуугаас илүүтэй орой бүр гэр лүү минь хүргэж өгөхөөр, 4 улирал, 24 цагийн турш хүлээж л “зогсдог” Сэлбэ голын жижиг гүүртэйгээ уулзлаа. Хөвсийсөн саарал үүл, ертөнцийн “цонх”-ны наагуур татсан нимгэн тор шиг хөшиглөсөн манангийн цаанаас арай хийн ёлтойж байгаа жаргаж байгаа нарны өнгийг ажиглан, даарч байгаагаа ч үл тоон хэсэг зогсов. Үл таних хоёр гутал, миний норсон шаахайнд хань болохоор, дэргэд ирж зогслоо...Хорвоо хэтэрхий сайхан юм аа! Жаргаж байгаа хирнээ л үзэсгэлэнтэй харагддаг нарны төлөө, бүрхэж байгаа хирнээ л уужим харагддаг тэнгэрийн төлөө... дахиад хэдэн ч жил энэ хэвээрээ бээрсэн биед минь хань болж чадах юм шиг тийм дулаахан...чиний төлөө!

Sunday, June 17, 2012

Үзэгний чинь сүнсийг Өөртөө үүрд өмчлөх хүслээ Үзэн ядмаар...гэвч...

Monday, May 28, 2012

Нисэгч /богино өгүүллэг/

 “Ах аа, би жоохон амарчихаад дахиад нисч болох уу?” Амьхандаа цовоо сэргэлэн дуугаар, хоёр хөлтнүүдийн хэзээ ч сонсохгүй хэлээр хашгичих тэрээр хий хоосон агаар дээр өдөржин бүжиглэснийхээ дараа салхинд хандаж ийн хэлэв. Нисэгч /богино өгүүллэг/

Monday, May 7, 2012

Пол Маккартни-Миний Валентин /орчуулга/

Энэ дуугаар их аргадуулдаг болоод байгаа юм.


Миний Валентин
Бороо орсон бол яана?
Тэгсэн ч хамаагүй л дээ
Тэр эмэгтэй надад хэзээ нэг өдөр
Tээр дээрээс нар тусна гэж хэлсэн
Түүний зөв байсан
Хайртын минь зөв байсан
Mиний Валентин

Tuesday, March 27, 2012

Тэнгэр юм чи


Хоосон ч байж мэдэх
Солонго-Намайг
Тэвэрч чадлаа...
Тэнгэр юм-Чи!

Saturday, February 11, 2012

Хайр чинь хаан билээ...

Хайр чинь хаан билээ...
Зүрхээр минь титэм хийсэн
Хайр чинь хаан билээ
Зөрөхийн аргагүйсэн
Үнсэлт чинь бэлзэг билээ
Өөрийг минь ороосон
Үнэн сэтгэлийг минь бөгжөлсөн
Үнсэлт чинь бэлзэг билээ

Tuesday, January 24, 2012

Бид хоёр зүрхээ солилцоод...


Бид хоёр зүрхээ солилцоод
Бие биенийхээ халаасанд хийж өгсөн юм

Sunday, January 1, 2012

,,,


Зүрхэндээ
Нулимсаа сүвлээд
Зөвхөн чамд сонсогдох аяны
Ноот бүрийг хэлхлээ
Тэгээд энэ хэлхээгээ гартаа өлгөж
Тэнгэр лүү сарвайгаад
Гэрийн чинь гадаа очих сарны
Гэзгэнд нь зүүж өгөөд явууллаа
Өөрийг минь бодож нойргүй хонох вий гээд
Өөрийнхөө нэг хэлтэрхийг ингээд дуу болгочихлоо
Үүдэнд чинь очоод
Чамайг минь бүүвэлэг дээ
Сайхан нойрсоорой
Саяхан минийх байсан гайхамшиг минь /2011. 12. 30/

Тэнгэрээс унах цасны ширхэг болгонд хувилаад,
Дэлгэсэн гарын чинь алган дээр дахин дахин хайлахсан
Тэврэх бүртээ л надад
Дэлхийг бэлэглэдэг чиний
Дэргэд чинь эрхэлж суухдаа
Диваажинг тэнд гэж итгэхсэн...2011,12,15