Thursday, September 22, 2011

Дурлалтай нүүр тулахуй


Би өөрийгөө “тийм” гэж боддог, бүр тэр бодолдоо бат итгэдэг байлаа. Гэтэл юу болсон гэж санана? Дурлаад ирсэн чинь, би “тийм” биш эсрэгээрээ “ийм” болж таарлаа. Бүр нилээн хэдэн талаараа гээч.

Нэгт би өөрийгөө хир баргийн “чулуу”-нд тээглэчихээд, уйлагнаад байдаггүй, хатуу чанга хүн гэж боддог байсан юм. Гэтэл эмзэг, бүр өчүүхээн асуудалтай нүүр тулмагц л бэлээхэн нулимасаар дүүрээд ирдэг нүдтэй эмзэгийн дээд эмэгтэй байснаа мэдэж авсан. Бас хэзээ ч өөртэйгөө адилхан бүсгүй хүний өөдөөс муухай харахгүй гэж бодсоор иртэл, өчигдөрхөн ТҮҮНИЙ зангиаг засч зогссон ажлын газрынх нь эмэгтэй рүү тэрүүхэндээ бяцхан ширвэчихээд өнгөрч байгаагаа анзаараад, хачин их гайхсан. Гайхсандаа бүр хэдэн секунд гутлынхаа хоншоорыг ширтэж зогссон. Дээрээс нь яруу найрагт огт авъяасгүй гэж боддог байсан өөрийгөө одоо шүлгийн бяцхан ном гаргах бодол тээж яваадаа заримдаа итгэдэггүй юм.

Өмнө нь “чи л намайг ийм болгочихлоо” гэж бүх буруугаа өнөөх амьгүй, биегүй, хөөрхий “дурлал” руу чихдэг байсан юм. Харин сайн бодоод байхнээ, дурлал намайг сул дорой, хардамтгай, гомдомхой болгоод байгаа юм биш, би анхнаасаа л тийм хүн байсныг дурлал надад нээж харуулсан хэрэг байж.

“...Угтаа би ч
Би байгаагүй юм
Чи л намайг
Бий болгосон юм.” /А.Урантогос/


Хэлсэн үг, хийсэн үйлдлээ гайхах үе дурласан хүнд бишгүй их тохиолддог нь, дурлал тэдэнд өөрсдийнх нь өмнө нь мэддэггүй байсан зан чанаруудыг олж илрүүлэхэд тусалдагтай холбоотой юм. Миний нэг танил Б уг нь баргийн хүний үгэнд “идэгддэггүй”, хэл яриа сайтай залуу юм л даа. Нээлттэй, илэн далангүй тэр залуу надад нэгэнтээ “Би жинхэнээсээ дурласан бүсгүйнхээ өмнө очихоор юу ч дуугарч чаддаггүй юм” гэж хэлж байсан. Ажиглаад байхад тэр ч бас үнэн хэрэгтээ “задгай” хүн биш байлаа. Олон хүний дунд байхдаа л өөртөө итгүүлсэн өнөөх “баг”-аа зүүдэг байснаас биш, ямарваа нэг чухал нөхцөл байдалд ормогц ус залгичихсан юм шиг чимээгүй болчихдог, мөн чанартаа бүрэг ичимхий хүн байсан юм. Мөн чанар. Тийм ээ, энэ л бидэнд хэрэгтэй үг байх.

Дурлал хүний мөн чанарыг нээж өгдөг

Дөнгөж төрсөн хүүхэд л өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гээгээгүй байдаг. Жаахаан том болоод, магадгүй “учир начир” гээчийг мэддэг болоод ирэхээрээ өөрийгөө нэгэн хэв загварт цутгаж сурдаг байх.

Цэцэрлэгт анх удаа очсон хүү дэргэдэх хүүхдийнхээ чихрийг булааж аваад идчихжээ. Чихрээ булаалгасан охин уйлагнаж, багшдаа хэлнэ. Багш нь “Ингэж болохгүй” гэж түүнийг зэмлэн, чихрийг нь буцаагаад “эзэн”-д нь өгнө. Тэр цагаас л хүү хэдий дэргэдэх хүүхдийнхээ чихрийг идмээр санагдаж байсан ч, “Болохгүй” гэж боддог болно. Мөн чанараа бяцхан ч атугай гээж эхэлдгийн жишээ энэ байх. “Хүмүүжил” гэж хүмүүс үүнийг нэрлэдэг ч гэлээ, нөгөө өнцгөөс нь хараад үзвэл, энэ бол бидэнд нийгмийн зүүж өгдөг багнаас өөр юу ч биш ажээ.

Дурласан хүн эхээс төрсөн үнэн дүр төрхөө эргэж олдог юм бол, дурлал хүнийг шинээр төрүүлдэг болж таарлаа. Хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй, өдөр болгон л хэн нэгэнд дурлаж явдаг хүмүүсийг “хөнгөмсөг” гэж буруутгах шалтгаан энэхэн мөчид эс төрнө. Тэд зүгээр л дахин дахин шинээр төрөх адгуу хүсэлдээ автагсад юм байна шүү дээ. Ялангуяа бүтэлгүй дурлалаас болж шаналж буй хүн өөрийнхөө дотоод ертөнц рүү маш сайн өнгийдөг учраас тэд бусдаас илүү их өөртэйгөө ойртож байдаг. Тэмцэл л ганцаараа хүнд хамгийн олон зүйлийг сургадгийн жишээтэй адил аж.

Хүн хэдий чинээ олон удаа өөр өөр төлөв рүү хувьсана, төдий чинээ суурь нь бат бэх байх хэрэгтэй.

Нэг удаа надад өмнөө “дурлал”-ыг зогсоож байгаа, “дуэл”-даж үзэх юмсан гэдэг бодол төрж байсан юм. Хэн нь дийлэх бол? гэж бодмогцоо гарцаагүй би л ялагдах юм шиг санагдаад явчингуут бушуухан өнөөх бодлоо толгойноосоо зайлуулсан билээ. Дурлана гэдэг өөрийгөө туршиж сорьж үзэж буйн нэг хэлбэр бололтой. Жирийн нэг, хэлбэр галбир үгүй шаврыг сайтар хатааж байгаад, дараа нь 1000-аас дээш градуст шатааж, басхүү хөлдөөж байж хагарахгүй бат бөх ваар хийдэгтэй адил. Дурлал гэдэг биднийг тэсгим хүйтэн, дүрэлзэм халуунд хир тэсвэртэй бодгаль болохыг л шалгах гэж бурхны хийдэг “даажигнаан” юм биш байгаа?

Шашинд итгэгч биш ч гэлээ би нэг удаа “Бүх хүний зүрх сэтгэл бурханд харъяалагддаг” гэж сонсч байсан юм байна. Тэгвэл хүн төрөлхтний бүх зүрхнүүдийг нэг дор бөөгнүүлж өөртөө хадгалчихаад, уйдсан үедээ хоёр нэгээр нь гаргаж ирэн, өндрөөс унагаж, ирмэгээс нь буталж, зүсч, шархдуулж орхидог бурханыг бид юунд шүтдэг болж таарах вэ?
Гэхдээ дурлал болгон өр өвтгөм төгсгөлтэй байдаггүй нь зол. Зүрхнээс ямар нэг эрч хүчийг сорж авч байгаа юм шиг санагддаг ч, эргүүлээд түүнээс арай өөр, илүү гэрэлтэй энергийг шахчихдаг тариур нь дурлал ажээ.

Дурласан үед бялхаж, цалгисан дүүрэн мөртлөө хов хоосон оргих шиг, бүхнээс илүү агуу атлаа хумхын тоос шиг өчүүхэн болчихсон юм шиг, жаргаад ч байгаа юм шиг, түүнийхээ хажуугаар хамгийн их зовоод ч байгаа юм шиг хоёрдмол, авцалдаагүй мэдрэмж төрдөг. Газар тэнгэр хоёрыг, нар сар хоёрыг, бүхний эхлэл төгсгөл, эрс тэсийг нэг дор, “эв найрамдалтай” нь аргагүй байлгаж болдог гэдгийг дурлаж үзээгүй хүмүүс яахин ойлгох билээ?

Дурлал л ганцаараа орчлонгийн бүх хязгааруудыг хослуулж чаддаг.


Үгээр илэрхийлэгдэхийн аргагүй гэгддэг “дурлал”-ын талаар эсээ бичиж суугаадаа эргэлзэж байвч одоог хүртэл “Дурлал бол амьдралын хамгийн сайхан зүйл” гэж туйлширч чадахгүй нь. Ер нь амьдрахаас илүү сайхан зүйл амьдралд хаана байна?

/Эсээрхүү эргэцүүлэл ч юм уу тэмдэглэл ч юм уу бүү мэд/

1 comment:

  1. Shan bichleg boljee...
    blog chn n ch gsn taalagdlaa

    Shuudriin Dusal

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.