Saturday, December 3, 2011

Борооны эгч


Би хүмүүсийг аль нэг улиралтай, эсвэл байгалийн үзэгдэлтэй зүйрлэх “өвчтэй” юм. Салхи шиг, цас шиг, намар шиг, зун шиг хүмүүстэй зөндөө л учирч байлаа. Бүр шүүдэр шиг жижигхэн, бөөрөнхий, хүрэхэд хүртэл хайран хүн байдаг гээч. Харин үнэн өнгө, жинхэнэ хэлбэр дүрс нь хэнд ч ологддоггүй, ойлгогддоггүй болохоор, өөрийгөө “Солонгон охин” гэж нэрлэсэн хэрэг.


Гэхдээ би зөвхөн сайн таньдаг хүмүүсээ л ингэж, аймшиггүйгээр зүйрлэдэг хирнээ, өнөөдрийг хүртэл нэг ч уулзаж үзээгүй, нуулгүй хэлэхэд уулзах цаг минь арай болоогүй юм шиг санагддаг нэгэн эмэгтэйг би дур мэдэн “Бороо шиг” гээд хэлчихсэн. Учир нь түүний шүлгийг уншихаар 4-р сарын зөөлөн агаар санаанд ордог юм. Хавар ид өөрийгөө тунхаглаж эхэлдэг цаг. Яг төрөлт шиг. Мод бүхэн, газар бүхэн, тэнгэр “бүхэн” шинээр амарждаг сар. Тийм ээ, анхны бороо тэгэхэд л ордог юм байна шүү дээ.

“Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие...зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?”*

Ийм л гэгэлзэнгүй үеийг эрхгүй санагдуулдаг тэр эмэгтэй бол яруу найрагч Өлзийтөгс. Түүний номыг нээхэд, үг уншиж байгаа юм шиг огт санагддаггүй. Гунигийг, навчийг, сарыг бас...өчигдрийг маргааштай хамт өвөр дээрээ дэлгэж тавиад уншиж байгаа шиг санагддаг. Харин өнөөдрийн тухай түр мартъя. Яруу найрагт одоо цаг сонин биш байх. Яагаад гэвэл “Өчигдрөөс маргааш илүү хуучин”* байдаг. Яагаад гэвэл

“Он жил цас болон бударч
Он жил бороо болон шивэрч
Он жил мод болон”* ургадаг юм.

“Тэд намайг үргэлж борооны эгч гэж дууддаг”* хэмээн өөрийнхөө “эндхийнх биш”, тэнгэрийнх гэдгийг илчилсэн түүний шүлэг нүдийг минь цагаан өнгөөр хучиж орхидог. Заримдаа түүн дээр час улаан гэрэл туссан байдаг ч, эцсийн дүндээ өнөөх цагаан нь л тунарч үлдэнэ. Аа, тийм тунарах. Тийм ч тод, өтгөн биш, харин тунарсан, сэмэрхий үүлнийх шиг цагаан өнгийг би хэлэх гээд байсан юм. Ялангуяа:

“Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байлаа ч
Үнсэхэд чинь л би нулимстай инээж эргэдэг”* гэж өөрийгөө зольж байгааг нь,

“Чив чимээгүй, гэрэлтэй цэнхэр тэнгэрийн дор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэм
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэм
Чив чимээгүй алсыг ширтэх моддын дор” гэж өөрийгөө хэн нэгний гарт бүрэн мэдүүлж байгааг нь сонсоход,

“Үсний минь ширхэг бүр таныг үзээд гялалздагийг
Үзэн ядавч
Үнэндээ би чамайг л зүүдлэхгүй унтаж чаддаггүйдээ баярлана” гэж шүлэглэснийг нь уншаад хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг эмэгтэй гэдгийг нь өөртөө улам бүр баталсан. Надад бурханаас, эсвэл дурлалт хархүүгээсээ биш, ээж, яруу найрагч хоёроос л “Хайр гэж юу вэ?” гэж асуумаар санагдаад байдаг. Харин борооны эгчийн хувьд:

“Хайрлана гэдэг бол
Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
Цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм”. Яруу найрагч болгонд ёс юм шиг тавьдаг “Шүлэг гэж юу юм бэ?” гэдэг асуултанд тэр “Шүлэг гэдэг бол үг биш. Үгний хэлэх гээд чадаагүй үг юм” гэж хариулжээ. Түүнд зөвхөн “дуулж чаддаг зураас, уйлж чаддаг шүлэг”* хэрэгтэй хойно. Бас түүний хувьд “өд бүхэн шувуу, шувуу бүхэн тэнгэр”, “унаж буй навч бүр ирэх зуны эрвээхий” байдаг хойно. Борооны эгч мөртлөө тэр “цас, мод, одны үгийг цаасан дээр буулгах гэж төрсөн”.

Хэдэн жилийн өмнөх “Өнөөдөр” сонины ярилцлаганд “Хэн болохоо албаар нууцалдаг биш үү?” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэр “Уг нь бол би хамгийн нээлттэй хүн.” гэж хариулсан байсан. “Зүүлт унжуулан халхалчихаад

Зүрхээ шавхаад дэлгэчихдэг
Баггүй, байгаагаараа
Бардам тайчигч” гэж бичсэн тэр үнэхээр л “ил” хүн. Хувийн амьдралынхаа талаар хэн хүнд тараагаад цацчихдаг хүнийг л бид нээлттэй гэж ойлгодог. Харин нандигнан нууцалмаар до дотоод ертөнцөө, мэдрэмжээ, харах өнцгөө хэдэн мянган хүний нүдэн дээр дэлгэдэг яруу найрагч, бүтээлч нар л миний хувьд хамгийн нээлттэй хүмүүс. Өнөөх ярицлаган дээр түүний “Боломж байвал гэрээсээ гарахгүй юмсан гэж боддог” гэсэн хариулт яагаад ч юм их олон зүйлийн талаар бодоход хүргэсэн. Тархиныхаа нүдийг нээхийн тулд яаж ийж байгаад, байгальд, өөр орчинд очиж үзэхийг адгадаг миний дэргэд тэр хананы дундаас гаралгүйгээр, харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн чимээгээ сонсож, очихыг хүссэн газраа оюун санаагаараа “хэрэн тэнэж” чаддаг бололтой. Ингэж бодоод би санаа алдсан.

“Уйлмаар, дотогшоогоо уйлмаар
Уйлаад сэтгэлээ угаамаар
Угаамаар байна...цурхирмаар байна
Таньтай цуг нисмээр байна
Далавчаа яаж ургуулсныг тань мэдмээр байна
Дуу алдмаар
Дотогшоогоо дуу алдан хашгирмаар
Сэтгэлээ цуурайтуулмаар
Сэмэрмээр...

Таныг уншиж дахин дахин сэмэрмээр”. Түүний “Төсөөллийн өрөө”-нөөс дөнгөж гарчихаад, цээжин дотроос тал тал тийш түрэн гарч байгаа гэрэлт цацрагийг номхруулахын тулд бичсэн, миний сэтгэл хөдлөл төдийхөн бол энэ. “Борооны эгч”-ийн талаар үүнээс цааш удаан өгүүлж чадахгүй нь ээ. Нүд маань бороо шиг асгарах гээд байх юм. Сүүлийнхээ сэтгэгдэлийг өчсү. Ганцхан түүний л тарьж ургуулж чадах “Тэнгэрт ургадаг модод”-ын дор

“...Зогсоод
Зогсоод л баймаар...”*

3 comments:

  1. Сайн уншаад байвал иймэрхүү чиглэлээр бичих давгүй авьяас харагдана. Өөрөө хичээвэл уран зохиолын шүүмж судлаач болов л. Эмэгтэй утга зохиол шүүмж судлаач даанч алгадаа.

    ReplyDelete
  2. Таны хэлсэн үгийг санаж явна аа. Баярлалаа. :)

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.