Monday, May 28, 2012

Нисэгч /богино өгүүллэг/

 “Ах аа, би жоохон амарчихаад дахиад нисч болох уу?” Амьхандаа цовоо сэргэлэн дуугаар, хоёр хөлтнүүдийн хэзээ ч сонсохгүй хэлээр хашгичих тэрээр хий хоосон агаар дээр өдөржин бүжиглэснийхээ дараа салхинд хандаж ийн хэлэв. Нисэгч /богино өгүүллэг/
Сиймгэр, цоохор биетэй түүнийг өнөөдөр хэрхэн мөрөөдлөө биелүүлснийг үргэлж газар ширтэж явдаг тэдгээр хоёр хөлтнүүдээс хэн нь ч мэдэхгүй. Зүгээр л нэг гялгар уут салхины аясаар хийсч явж байна л гэж бодоод нүүрэн дээрээ наалдуулчихгүйн тулд бултаж явсан нь лавтай. Харин гадаад хорвоог таниад удаагүй байгаа Нисэгч маань, хүмүүсийг өөрийнх нь нислэгт саад болохгүйн тулд зам тавьж өгч байна гэж бодоод, замынхаа туршид “баярлалаа”, “гялайлаа” гэж давтан шулагнаж байсан билээ.
Түрхэн зуур амсхийнгээ, замын чулуун дээр дээшээ харан хэвтэж байсан Нисэгч биеийг нь гэнэт том нойтон цохилтууд өвтгөж эхлэхийг мэдэрлээ. Мөндөр буув. Саяхан танилцсан салхи ахаасаа өөрийгөө өргөөд өөр газар аваачихыг гуйсан боловч, нимгэхэн бие нь нороод хүндэрчихсэн болохоор чадахгүй гэдэг хариулт авлаа. Тэсээд шөнөжин өвдөхөөс өөр аргагүй болов. Гэтэл, хажууханд нь ургаад удаагүй нялх нахианууд өөрөөс нь илүү өрөвдөлтэйгөөр ёолж, гиншиж байхыг сонсоод Нисэгч арай хийн биеэ сунгаад тэднийг хамгааллаа. Пүд пүд хийтэл биеийг нь нүдэх мөндөрнүүд тун удалгүй намжиж, Нисэгч хөндүүрлэж хүндэрсэн бие, навчисын гэр бүлээс сонссон зөндөө олон талархлын үгстэй хоцорлоо. “Та бол жинхэнэ баатар!”. Хамгийн жижигхэн нахианы хэлсэн энэ үгийг сонсоод түүнд дахиад олон мөндөрнөөс цэцэг навчийг хамгаалмаар санагдав. Түүний хувьд дэлгүүрийн лангуунаас суллагдсанаасаа хойш хийсэн хоёр дох утга учиртай үйл нь энэ. Эхнийх нь, худалдаж авсан эзнийхээ 10 кг хүнд ачааг хариугүй тасарчих дөхсөн ч тэсээд хүргэж өгсөн явдал билээ.

Өөрийгөө хэн нэгнийг аврах чадалтай гэж огтхон ч мэдээгүй байсан Нисэгчийн зүйрлэшгүй их хөөрөн баярлаж байгааг хоёр хөлтнүүд огтхон ч анзааралгүй хажуугаар нь дуугүй өнгөрсөөр л байв. Хүн үргэлж газар ширтдэг мөртлөө, газар дээр ямар амьдрал өрнөж байгааг хардаг биш дээ ямар... Бие нь хатсаны дараа салхи тэр хоёр уулзаж, дахин нислэгт гарав. Энэ удаад тэр илүү зөөлөн, аажуухнаар агаарыг илбэн илбэн “хийсэхээр” шийджээ.
-Би анх өөрийнхөө энэ сул дорой биеийг хараад, цонхоор харагддаг байсан бусад уутнууд шиг чадварлаг нисч чадахгүй л гэж боддог байсан
 -Хүү минь, хөнгөн байх тусмаа өндөрт нисэж, сул дорой байх тусмаа сайн сайхныг амархан мэдэрч, гэнэн байх тусмаа бусдын хийж чадаагүйг хийдэг гэдгийг чи мэдэх үү? Хааяахан тэр хоёр хоорондоо энэ мэтээр ярилцчихаад, нислэгээ үргэлжлүүлнэ. Өнөөдөр харин тэд хамтдаа янз бүрийн мододтой танилцахаар шийдээд, хөгшин бүдүүн улиас, намхан нялх гацуурнуудын мөчир дээр түрхэн зуур буудаллаж байлаа.
Томоогүй Нисэгч нэг залуухан модтой ярилцаж байснаа ямар ч мөчиргүй, туранхай, өндөр, бас хүйтэн өнгөтэй мод доош хараад гуниглангуй зогсож байхыг олж харлаа. Салхинд хөтлүүлж бушуухан тийшээ очоод, орой хэсэгт нь өөрийгөө өлгөж аваад Нисэгч ийн асуулаа:
-Чи ямар нэртэй мод вэ?
-Би мод биш ээ. Намайг гэрлийн шон гэдэг юм.
-Чи яагаад өөрөөсөө ийм их гэрэл цацраадаг мөртлөө ийм гунигтай байгаа юм?
-Би хичнээн гэрэл гаргаад, хүмүүс намайг огт анзаарахгүй шүү дээ. Гэрлийн шонгийн санаа алдалт Нисэгчид дэндүү гүнзгий санагджээ.
-Тэгвэл би чамаас сайн бариад, өдөр шөнөгүй хийсдэг дарцаг болъё. Хүмүүст чамайг харуулъя. Нисэгчийн шинэ найз баярласандаа гэрлээ 5 удаа анивчууллаа. Ингээд Нисэгч дарцаг болох том үүрэг хүлээдэг болов. Маргааш өглөө нь салхи түүн дээр ирээд, гэрлийн шонгийн дээр бахархалтай нь аргагүй намирч байгаа гялгар уутыг хараад:
-Чи одоо гэртэй болжээ гэж хэллээ.
 -ГЭР гэж юу юм? хэмээн өнөө л цовоо цойлгоноороо асуухад нь салхи:
 -Өөрийгөө хэзээ ч сул доройгоор мэдрэхгүй, бас өөрийгөө хэн нэгний хувьд хичнээн чухал гэдгээ үргэлж ойлгож байдаг тийм газрыг ГЭР гэдэг юм гэж хариулжээ...

1 comment:

  1. Chi ooroo zohioson uu? huurhun aguulgatai oguulleg bolson baina.

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.