Monday, January 26, 2015

Араар тавилт судлаач (өгүүллэг)

“Эрчүүдийн 75 хувь нь эхнэртээ анхнаасаа хайртай байгаагүй мэтээр ярьж, нууц амрагийнхаа сэтгэлийг аргадах башир арга хэрэглэдэг. Энэ нь тэдэнд гэмших мэдрэмж авахгүй байхад нь ч бас тусалдаг байх юм.” Яг ингэж бичин, өнөөдрийн нийтлэлийнхээ эхний хэсэгт цэг тавиад Солонго гар утсаа шалгалаа. Уг нь тэр гар утсаа өглөө нь асааж орхичихоод л, зөвхөн бусад хүний өөртэй нь холбогдох гэсэн хичээл зүтгэлийг урамшуулах зорилгоор л ашигладаг.
Дуудлага горьдох мэтийг тэр огт сураагүй байж. Гэтэл сүүлийн үед нэг эрхэм өөрийг нь онцгой ихээр хүлээлгэх болжээ.


 “Араар тавилт судлаач” гэдэг мэргэжлийг тэр өөрөө өөртөө бий болгож, олон эмэгтэйчүүдэд нөхрүүдийнх нь хоёр дох амьдрал хэрхэн үүсдэг талаар нууц амрагуудын хэнд ч хэлдэггүй нууц мэдээллийг дамжуулах болсоор 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэр нийт 60 нийтлэл бичиж сонинд хэвлүүлсэн. Бүгд л өөрийнх нь туршлагаас урган гарсан бодит баримт, жишээнүүд. Нүдэнд үл үзэгдэх хорт нянг томруулдаг шилээр харуулсан мэт амьдралд ойр, сайн нийтлэл бичихийн тулд дандаа эхнэртэй залуустай болзохыгоо тэр “ажлын шаардлага” гэж зөвтгөнө. Түүнтэй хийсэн үүлэн борооны ажил хүртэл “Бороо” гэдэг нэрээр “Өглөө” сонинд хэвлэгдэж, эмэгтэйчүүдэд магадгүй эхнэрт нь хүрч байгаа гэдгийг эрчүүд огт мэддэггүй.

 Солонго “Гэр бүл судлаач” мэргэжлээр их сургуулиа улаан дипломтой төгссөн юм. “Салалтанд гэрлэсэн нас хэрхэн хамаарах вэ?” сэдвээр дипломын ажил бичиж байхдаа тэр өөрийгөө Монголын гэр бүлүүдийн эвтэй найртай харилцаанд хувь нэмэр оруулах мундаг боловсон хүчин л гэж бодож байлаа. Хэтэрхий хайрлаж явсан зохиолчоос нь л болж бүх юм уруугаа харсан билээ. Балчир багаасаа шүтэн биширч, зарим зохиолынх нь эхний үгээс сүүлийн цэг хүртэл нь мэддэг байсан тэр зохиолч нэгэн өгүүллэгийн тэмцээн дээр шүүгч хийж байхдаа өөр лүү нь үе үе горьдлого тээсэн харцаар харах бүсгүйг дуудан дэргэдээ суулгажээ. Тэгээд тоос ч суухаас эмээмээр булингаргүй, орчлонгийн бүх шаналалыг бусдын өмнөөс мэдэрч гүйцсэн юм шиг зөөлөн, чухам тийм л учраас ер бусын дур булаам нүдээрээ Солонго руу халуун цуст залуухан шаргачин олж үзсэн анчин шиг хараад утасных нь дугаарыг тэмдэглэж авсан юм. “Энх-Орчлон ах миний дугаарыг авсан” гэж баяр жаргал нь багтаж ядсан сэтгэлтэйгээр тэндээс гараад, дэргэд нь ойрхон сууж байгаад ганцхан шүлгийг нь бүтнээр нь уншуулж үзэхсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, дугаараа нууцалсан дуудлагаас ирсэн болзооны хүсэлтэнд зөвшөөрсөн. 

“Миний онгодыг эргүүлэн авчраарай”. Түүнээс ийм мессэж авсан нь Солонгоогийн хувьд яг л нэр төртэй үүрэг хариуцлага хүлээн авсан мэт санагдаж байв. Болзсон газраа яваад очтол ганцаараа суугаад, хэдэн хундага өөртөө сөгнөсөн саахь зохиолчийн дэргэд шунхадсан улаан уруултай эмэгтэй хувцсыг нь янзлан, тооцоог нь хийж суухтай таарав. Хөл нь рестораны шалтай хадагдчих шиг санагдаад хөдөлж ч чадахгүй зогсохдоо тэр эхнэрийнх нь нүдээр алгадуулаад авсансан. Тэнд очих хүртлээ түүний эхнэрийн талаар огт бодоогүй, одоо хийх гэж байгаа үйлдэл нь хэн нэг хүнийг гомдоож магадгүй хэмээн санаа ч үгүй, зохиолчийн энгэрт алчуур шиг олноороо дэрвэдэг бүсгүйчүүдийн нэг нь л болж, аль нэг хайрын шүлгийнх нь эзэн болох аз завшаанд хий найдсанаас өөр юу ч бодолд нь ороогүй байжээ. “Ахин над руу хэзээ ч бүү залга” гэсэн мессэж явуулаад гунигтайгаар харьж явахдаа өөрийнх нь тэгтлээ их хайрлаж, номыг нь шөнө бүр дэрлэн унтаж, зургийг нь өрөөнийхөө хананд хүртэл наан, энэ ертөнцөөс олдохгүй үлгэр домгийн баатар мэтээр төсөөлдөг байсан эр нь тэрхэн мөчид анх удаа зүгээр л “эрэгтэй хүн”, бусдын л адил залуу эмэгтэйчүүдэд шүлсээ дуслуулан шунаж, учрал амлаж мэдэх харц бүрийг андаж явдаг жирийн нэг эрэгтэй хүн болохыг олж хараад дотор нь муухайрсансан. Түүнээс хойш Солонгоогийн хувьд шүтэн биширсэн эр гэж байсангүй, байх ч үгүй. “Бүгд адилхан” хэмээн зэвүүцдэг болж. Энэ туршлага нь түүнийг юунд ч цочирдохооргүй тоомсоргүй нэгэн болгож орхижээ. Өөрийгөө өмөөрөх сэтгэлээр бичсэн “Нөхрийнхөө нууц амрагийг яагаад буруутгах ёсгүй вэ?” нийтлэл олон захидал авчирснаас хойш тэр нэг л мэдэхэд энэ чиглэлээр дагначихжээ.

Одоо түүний шүүгээнд 20-50 насны 35 эрийн ааш аяг, эхнэрийнхээ талаар юу гэж ярьдаг, амьдралд хандах хандлага, сексийн авирыг нь тэмдэглэн үлдээсэн хавтаст хэрэг бий. Тэдний аль нь ч онцгой биш. Алтны уурхайн эзэн, үнэртэй усны дэлгүүрийн худалдагч хоёр л арай содон санагдаж байсан. Бусдаар бүгд адилхан.

 Гар утасныхаа дуудлагыг хүлээж цөхрөөд шүүгээгээ ухаж сүүлийн үед дүгнэлт хийсэн сонирхолтой баримтынхаа эздийн материалыг гаргаж харав. А-Я хүртэл дугаарласан хавтас дундаас Ч-г сугалаад Чин-Үнэн гэдэг залуугийнхыг нээлээ. “33 настай, 3 хүүхэдтэй, ... барилгын компанид инженер хийдэг. Эхнэртээ ухаангүй хайртай, гэхдээ хөнгөн зугаа цэнгэлээс татгалздаггүй” гэж тэмдэглэн бичжээ. Түүний санд эрчүүдийг зөвхөн нэрээр нь бус, араар тавилтынх нь шинж чанараар ч бас ангилсан байдаг юм. “Эхнэртээ хайртай ч нууц амрагаас буцахгүй”, “Эхнэрийнхээ атганд байдаг учраас нууц амрагаас эр шинжээ хайдаг”, “Удаа дараалан хуурч байсан. Хормойн донтон”, “Эхнэртээ өгсөн сэтгэл нь унтарсан. Шинэ дурлалын ангууч” зэрэг хэдэн ангилалтай. Чинээ бол үнэхээр орон дотроо ч эхнэрийнхээ гайхамшигтайн тухай ярьдаг нэгэн мөртлөө түүн лүү залгахаа зогсоодоггүй байж билээ. “Аялалаар явах дуртай. Цуг Антлантын далайд усан мотоциклоор зугаалав” гэж тэмдэглэсэн байна. Бас ч гэж сонирхолтой л залуу байж шүү. Гэхдээ л “бусдын нэг” гэдэг нь тодорхой.

 Судлаачид судалгааны материал олохын тулд халаасан дах хэдээ харамгүй зарцуулдаг бол, азтай нь Солонгоогийн материал өөрсдөө л түүн дээр хүрээд ирдэг. Ирчихсэн хойноо ч түрийвчээр нь оролддоггүй. Эрчүүд нууц амрагтаа таалагдахын тулд эхнэртээ зарцуулдгаасаа ч их мөнгийг үрж чадна гэдгийг тэр туршлагаараа олж мэдсэн юм. Өнгөрсөн жилийн эхээр нийтлэгдсэн “Эхнэртээ бүх цалингаа авчирч өгдөг эрчүүд нууц амрагаа гар утсан дээрээ ажлын газрын залуугийн нэрээр хадгалдаг” гэдэг гаргалгаа нь шуугиан тарьж олон бүсгүй түүнд ханийнхаа утсаар дамжуулж хоёрдогч эмэгтэйтэй нь уулзсан талаарх түүхээ талархсан сэтгэлтэйгээ цуг и-мейлдэж байсан. Тийм учраас л өөрөө бол утасны нэг дугаарыг 3 сараас илүү хугацаанд барьж байсангүй. Нэг эртэй ч бас найман болзоо, гурван шөнөөс хэтрэхгүй гэж өөртөө амласан юм.

 Хийх юмаа олж ядан шүүгээгээ онгичиж байхад нь “бусдын л нэг” гэдэг бодлыг нь баллуурдаж хаясан өнөөх эр санаанаас нь савлуурдсаар байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүнийг өмнөө өвдөг сөхрөхийг харж, төрсөн ах дүү хоёр өөрөөс нь болж нударга зөрүүлэхийг үзэж, “нэр төр гутаан доромжилсон” гэдэг шалтгаанаар шүүхэд хүртэл дуудагдах шахаж байсан ч тэр эдгээр бүх түүхийн эздээс нэгэнд нь ч дурлаж байсангүй. Харин өөрт нь тийм ч ихээр татагдахгүй байгаа, бусдын адил сиймхий гармагц үхэн хатан залгахгүй, энгэр зөрүүлэх гэж улангасан дайрахгүй, нялуун, ихэмсэгийн алинаар нь ч биш харин тун даруухнаар ханддаг нэг хар хослолтонд тэр дурлаж орхижээ. Өдийг хүртэл хийсэн ажлынхаа өмнө нүгэл үйлдэж байгаагаа мэдэж байсан ч, хэрвээ ингээд л эхэлвэл өөрөө ч бас бусдын нэг, жинхэнээсээ гэр бүл үймүүлэгч эмэгтэй болно гэдгээ мэдэж байсан ч зүрх зөрүүдлэх аж. Тэр залуу “даанч” бусдын адил болгоомжлон, нууц амрагаасаа бүхнээ нуудаггүй. Анх уулзалдахдаа л эхнэртэй гэдгээ хэлж, ажилладаг газар, төгссөн сургууль, бүр долоо хоног бүрийн Бямба гаригийг хүүхдүүдтэйгээ цуг дугуй унахаар явдаг гэдгээ ч илтгэсэн хэтэрхий “тэнэг” залуу. Тийм тэнэг болохоор нь л Солонгоод түүний хувьд нууц амраг нь биш юм шиг, тэр хоёрын уулзалтанд ердөө ч нуугаад байхаар зүйл байхгүй юм шиг санагдсан болохоор дурлачихсан хэрэг.

 “Надтай цуг амралтанд явна гэдгээ мартаагүй байгаа?”. Ингэж бодоод Солонго түүнтэй өнгөрүүлсэн сайхан хормуудаа эргэн санав. Нэг ч хувцасгүй болтол нүцгэлчихээд зүгээр л хараад зогсоод байдагсан. Хөлийн минь хумсыг хүртэл энхрийлэн, будаж өгч байсан. Буудал руу орохдоо үргэлж гар дээрээ өргөөд , орон дээр буулгахдаа гэдсийг минь заавал үнсэнэ. Яг эхнэр шиг нь, огтхон ч амраг нь биш юм шиг санагдаад уджээ. “Тэр нээрээ яг аль ангилалд орох юм бол оо? Эхнэрээсээ уйдсан гэхээр биш. Тэр 8 жилийн ойгоо тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа ярьж, надтай хамт бэлэг хүртэл сонголцсон шүү дээ. Хормойн донтон бол бүр биш. Сексдээ туршлагагүй шүү дээ.” Ингэж бодонгоо Солонго лав л түүнд сексээс өөр шалтгаанаар татагдсан гэдгээ баттай мэдээд жаахан ч гэсэн тайвшрав. “Эхнэртээ атгуулдаг юм шиг харагддаггүй. Эхнэртээ хайртай ч нууц амрагаас буцахгүй гэдэг ангилалд оруулахад хэтэрхий даруудахаар юм.” Бодох тусам л энэ залуу өөрийнх нь өнөөдрийг хүртэл гаргасан бүх гаргалгааг үгүй хийчих шиг санагдаж байв. Ганцхан түүн дээр л гацаж, сүүлийн нэг сард өөр ямар ч “судалгааны материал”-тай холбоо тогтоосонгүй. Хүлээж байсныг мэдсэн юм шиг, утас нь дуугарлаа:
 -Байна уу? гэх эмэгтэй хүний шингэхэн хоолой сонсогдов.
 -Байна. Хэн бэ?
-Солонгоо сайн уу? Чамтай танилцах гэсэн юм аа. Болох уу?
 -Болно л доо. Гэхдээ яах гэж?
 -Зүгээр л нөхрийгөө, Ганзоригийг ямар эмэгтэйд ахин татагдсан бол, надтай адилхан болов уу, бүр эрс өөр болов уу гэж сонирхсон юм. (Дурлалт залуугийнхаа эхнэртэй утсаар ярьж байгаагаа мэдсэнээс хойш нэг секунд нэг цаг шиг хүндхэн урсах болов.)
-Би тантай адилхан гэж өөрийгөө бодохгүй байна. Би таны дэргэд хавьгүй булингартсан хүн. -Үгүй шүү. Нөхөр шиг минь тийм цайлган хүн лав өөрт нь чин сэтгэлээсээ хандсан эмэгтэйд л татагдсан байж таараа.
 -Та миний дугаарыг, ер нь намайг яаж мэдээ вэ? (Эхнэр нь хүртэл яг л нөхөр шигээ, өөрт нь огт нууц амраг биш юм шиг, үүнд нуугаад байх юм ердөө байхгүй мэт ил цагаан сэтгэгдэл төрүүлэх юм)
- Ганзориг өөрөө хэлсэн юм. Гэхдээ хэлэхээс нь өмнө би мэдчихсэн байсан л даа. Зүгээр л өөрөө хэлэхийг нь хүлээж байлаа.
 - Үнэхээр л тэнэг юм даа. Өөрийнх нь дурласан залуу тэнэг гэхэд, эхнэртээ нууц амрагаа илчилж чадах тийм тэнэг хүн гэдгийг тэр энэ мөчид л мэдэв. Гайхмаар тайван ярих гэж хичээх тэр эмэгтэйн хоолойн өнгөнд битүүхэн цөхрөл, гуйлт, ихэмсэг сонсогдох гэсэн багийн цаана нөхрөөсөө “Би чамаас өөр эмэгтэйтэй унтсан” гэдэг, мэдсэн хойноо ч амнаас нь л лав ахин сонсмооргүй үгийг сонсчихсон тийм эмэгтэйн гашуудал мэдрэгдэж байлаа. -Би ахин түүнтэй уулзахгүй ээ. Танд амлаж байна.

 Ингэж хэлээд Солонго утсаа таслав. Тэгээд 10 минут чимээгүй суулаа. Тэгэхдээ тэр өнгөрсөн гурван жилийн хугацаанд анх удаа бүхнийг нөхрийнхөө нууц амрагтайг олж илрүүлсэн эмэгтэйн өнцгөөс харжээ. Өөрийнх нь бичсэн нийтлэл бүрийн дараа хэчнээн олон эмэгтэй яг саяных шиг хоолойгоор өөр эмэгтэй рүү утасдсан бол? Мэдэхийг лав хэзээ ч хүсэхгүй байсан зүйлээ мэднэ гэдэг хэчнээн золгүй явдал вэ? Бүр нууц амрагтай гэдгийг нь гадарлахгүйгээр нөхрөө хамаг бүхнээрээ хайрлаж яваа эмэгтэйчүүдийн дэргэд ч үүнийг нь мэдсэн эхнэрүүд хамаагүй золгүй юм. Өнөөдрийг хүртэл гэр бүлүүдэд тус болж байна гэж өөрийгөө бодож явсан нь худал байжээ. Хамгийн сүүлд бичсэн нийтлэлээ тэр “Shift+Delete” хийлээ. Тэгээд ирэх долоо хоногоос яаж нөхрүүд ичгүүргүйгээр эхнэрээ хуурдаг талаар судалгаа хийсэн нийтлэл өгөхөө болихоор шийдсэнээ сонины эрхлэгчид утсаар дуулгав. “Эхнэрүүд энэ талаар яг үнэндээ мэдэхийг хүсэхгүй байгаа...”

 2014 оны 5 дугаар сарын 20

1 comment:

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.