Monday, May 2, 2011

Тест


Эмийн сан хүртэл 93 алхам. Хүүхэд байхдаа тэгж тоолж байсан санагдана. Одоо тэр үеийнхаас би хамаагүй том алхдаг болсон байх даа.
Тоолдог юм билүү. Нэг, хоёр, гурав...Хэвлий маань даарчихвий дээ. Гараараа сайн халхалъя. Дотор нь чичирч байгаа ч юм билүү...Ес, арав, арван нэг...Хоёр зураас л биш шүү, гуйя. Тэр хэзээ ч эцэг нь байж чадахгүй....Хорин тав, хорин зургаа...Намайг дуурайчихвал царай муут гэж дуудуулна даа. Түүнтэй адилхан болж төрөөсэй...дөчин гурав, дөчин дөрөв, дөчин...Ерөөсөө энэ эмийн санд байхгүй байгаасай. Тийм юмыг хэн зохиодог байна аа...дөчин...хараал ид тоогоо алдчихлаа.
Хүрэн өнгийн модон хаалга. 93 алхам ийм хурдан дуусчихдаг билүү? Үнэн хүртэлх зам дэндүү богинохон юм. Зугтмаар санагдана. Зулбуулдаг эмийн үнийг давхар асуудаг юм билүү? Хэвлий дотор өөр нэг жижигхэн зүрх...цохилох нь тасалданги... Айгаа юу даа? Битгий ай. Ээж нь чамайг явуулахгүй...
-Эгч ээ, хэд билээ?
-300 ш дээ хө.
Инээд ч хүрэх шиг. “Үнэн” ердөө 300 төгрөгний үнэтэй байх нь. Өнгөгүй харцтай эгчийн гарт атгуулсан цагаан пакеттай зүйлийг хүмүүсийн нүднээс далдлах аргаа олж ядав. Нүгэл атгаад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь эвгүйцмээр.
Гэр хүртэл 93 алхам. Хүүхэд байхдаа тэгж тоолж байсан санагдана. Одоо харин өөрөө хүүхэдтэй болсноо мэдэх хүртэл бас л 93-хан алхам. Байхгүй байвал бүх юм хөмөрнө. Байвал бас л хөмөрнө...гэхдээ л энэ үнэртэж байгаа нялхыг алдмааргүй санагдана. Сонсогдоод эхэлчихсэн бяцхан аз жаргалыг бүүвэйлж үзэхийг хүснэ....
Бас нэг хаалга, гэхдээ эмийн сангийхаас илүү танил, тэгээд угаалгын өрөө, пакетыг урахад сар хийсэн аяархан хашгираан. Шаазан аяган дахь шингэнд нарийхан цаас шиг юмыг дүрэхэд цээж рүүгээ хутга дүрж байгаа юм шиг өвдсөний учрыг эс олно. Час хийсэн улаан өнгө дээшлэхтэй зэрэгцэн зэвхий саарал өнгө гар дагаж доошлоно. “Амьдрал” гэдэг үг толгойд ороход ирээдүй гээч юу ч биш, нөгөөтэйгүүр бүх юм мэт санагдав. Өчүүхэн амьны хэлтэрхийг л яаж ийж байгаад хамгаалж үлдэх тухайгаа аль хэдийн төлөвлөгөө боловсруулж эхэлнэ.
Хоёр зураас гарах шахсанаа нэг нь арилчихав...Ганцхан нь л үлдлээ, сөрөг сөрөг сөрөг. Сэтгэл санаанд түрүүнийхээс юу ч өөрчлөгдөхгүй байгаа нь гайхмаар. Түрүүнд нь миний тэвэрт баяр, харамсал хоёр байсан. Одоо ч бас баяр харамсал хоёр л байна. Гэхдээ харамсал нь арай хүнд юм.
Утсаа аваад ухамсаргүйгээр тэрний дугаар луу залгалаа.
-Байна уу?
-Байна. Яасан?
-Би сая тестээр үзлээ.
-Тэгээд?
...Чиний энэ хайхрамжгүй хоолойг чөтгөр аваасай...
-...Жирэмсэн болчихож.
-Аан. Тэгээд юу гэж?
Багалзуур хоолойн дээр бөөн хорсол тээглээд дуу гарсангүй. Тасаллаа. Хогийн хувин луу шидсэн байсан тестээ гаргаж ирээд дахин дахин дүрэв.
Хоёр гараад өгөөч, хоёр гараад өгөөч...Цусаараа дахиад нэг зураас нэмээд зурчихвал илүү тайвшрах байх, магадгүй...Өнөөх нялхын хамар цоргисоор байгааг л би яахин...
2011 оны 5 дугаар сар 3

3 comments:

  1. ee burhan mini eregtei hun uchir nariin shiriiniig medehgui ch dotor mini arzaih shig... ihenh humusig sonsohod jiremsen boloogui l baigaasai geltsehiim... harin ene gol duriig bi dahin dahin hairlamaar baina... bi chaddagsan bol zohiol dotor ni orood zaluugiin biyd orohson. zuraasiig ni howsdood ch boltugai hoyor bolgohson.. Enhdalai sanaa aldlaa,,,

    ReplyDelete
  2. hehe heldegch gsn dahin neg heljihye tani shig erchud oloon bgaasai :)

    ReplyDelete
  3. uneheer ih taalagdlaa ;)

    Gutalchin

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.