Monday, July 11, 2011

"Чимээ"-тэй чимээгүй өдөр


Өнөөдөр салхинд гарав. Гэрийхэнтэйгээ. Хамаатныхаа ах эгч нартай. Бас долоо хоногийн өмнө хорвоод мэндэлсэн, эгчийн хүүхэд Нандинтайгаа. Төрснөөс нь хойш өчигдөр л харсан юм. Хараад л цээж шархираад байсан. Яагаад юм бүү мэд. Хэн нэгнийг тэгтлээ их хамгаалах хүсэл төрж байсангүй үнэндээ...Сонин юм билээ. Үүлнээс төрсөн үр юм шиг санагдаад нэг л эмзэг.

Хадатаас цаашаа яваад ой модон дундуур хэсэг алхав. Тэгээд өвсөн дээр хэвтэв. Өвстэй жаахан ойр байя гэж бодсон хэрэг. Бас модны мөчирнүүдэд хуваагдсан тэнгэр түүнийхээ завсар зайгаар нь яаж гоожиж байгаа юм шиг үзэгдэхийг харах гээд. Тэгээд л хэвтээд байж байхад газар доороос нэг тийм цуурайтсан хоолой гараад байх шиг сонсогдсон. Надад нэг юм хэлэх гээд ч байгаа юм шиг. Эсвэл намайг дуудаад ч байгаа юм шиг. Бүр гайхаад чихээ хөрсөн дээр наагаад хажуу талаараа баахан хэвтэв. Өнөөх хоолой улам ойртоод ирсэн чинь чихэн дотор орсон өвч гижиг хүргээд босчихло. Хайран юм гэж санагдсан. Яагаад гэвэл дахиж тэр дуун сонсогдоогүй юм.

Босоод хөхөөний донгодох дууг тоолонгоо, хажуугаар нь гишгэх тоолонд тас тас хугарах гишүүдийн чимээг сонсоод, тэр чимээнд түүдэгний очис дээшэ үсэрхийлэх чимээтэй мөн адилхан гэсэн онош тавиад алхалав. Цааш явж байтал замд нэг бусдаасаа хамаагүй бүдүүн хус мод дайралдав. Цав цагаан өнгөтэй. Хуучны танил шиг ч юм уу, эсвэл урд насандаа учирч байсан хүн яг ингээд миний өмнө мод болоод зогсож байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд очоод дотно гэгч нь хацраа наагаад тэвэрч орхив. Тэвэрч зогсоход мод их биеэрээ газарт булаастай байдагтаа гутраад надтай адилхан хоёр хөлөөрөө гүйхийг мөн их хүсдэг байх даа гэсэн хачин бодол толгойд ороод ирлээ. Тэгээд л гэнэтхэн тэр модыг суга татаад тавьчихвал үндсээрээ газар тэмтичсээр алхалж өгөх юм шиг бодондсоноо түүнийг тэгээл сугалчихвал үхчихнэ гэдгийг санав. Нэг бодлын модын тэр хүсэл миний жинхэнэ далавчтай болоод нисэх хүсэл хоёр адилхан юм шиг. Магадгүй би далавчтай болчихвол үхчих байх. Эрх чөлөөнд дэндүү их шунах нь эцэстээ үхэлд л хүргэдэг юм шиг. Яг өчигдөр өдөр нь уншсан зохиолч ах П.Батхуягийн "Далавч" өгүүллэгийг санагдууллаа.

Энэ мэт чив чимээгүй ойд ертөнцийн чимээг анирдаж хэсэг алхлахад хөлс гарчихсан байж билээ. Ядарсандаа эсвэл учиргүй их гүйсэндээ биш байх. Зүгээр л ямар нэг юманд их автахаар миний хөлс хааяа гарчихдаг юм. Тэр л үзэгдэл давтагдсан бололтой дог оо...

Машинаар буцаад явж байхад жинхэнэ их бууны сумаар шүршиж байгаа юм шиг л бороо орлоло. Дараа нь нар гарав. Томоос том нумарсан солонго татлаа. Миний багадаа үсэндээ зангиддаг байсан олон өнгийн туузыг нумруулаад тавьчихсан юм шиг л өхөөрдөм солонго. Тэр солонгыг харж байгаад л түрүүхэн тавьсан "Ер бусын өдрүүд" гэдэг жижигхэн шүлгээ бичсэн юм.

Энэ өдөр нэг иймэрхүү өнгөрсөөөөөн.

17:17:17 төрсөн мэдрэмж

Дэн...дэн
Цахлайны өндөг
Наранд бөөрөө ээнэ
Хүүхэд инээнэ

Дэн...дэн
Самрын үр
Бороо зүүдлэнэ
Цас орох нь үү дээ

Дэн...дэн
Нүцгэн цэцэг
Бөмбөлөг үлээнэ
Нүдээ авч халаасандаа хийхээс

Дэн...дэн
Хүүрэлзгэнэ надад
Нисэх арга заахад
Чулуун довжоо хөхүүнээр инээнэ

Дэн...дэн,
Зүрхний минь цоорхойгоор
Цаг хугацаа гоожно
Юугаар нөхье дөө

/Зохиолч Г.Баяр- "Азиза" номноос/-Тэмдэглэлийнхээ төгсгөлд нь жинхэнэ яруу найрагч хүний шүлэгнээс оруулмаар санагдлаа. Баярламаар...бас уучлалт гуймаар.

/Зүв зүгээр тэмдэглэл./

2 comments:

  1. их мэдрэмжтэй юм сонсох гээд хичээгээд ч сонсож чадахгүй чимээ

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.