Saturday, December 3, 2011

Нисдэг өвөл /Дурсамж тэмдэглэл/


Шинэхэн цасан дээр гүйсэн тагтааны мөрийг дагах нь,тэр нэг өвлөөр миний олсон хамгийн сонирхолтой ажил. Цав цагаан гудамжин дээр унасан жижиг хар однууд шиг харагдах шувууны саврын мөрүүдийг дагаж явсаар заримдаа танихгүй, мэдэхгүй газар оччихоод буцаж гэрээ олох гэж зүдэрдэгсэн.
Баруун зүүн, баруун зүүн ээлжилсэн мөрүүд хэзээ ч дуусахгүй юм шиг үргэлжилж байснаа л, дундаасаа гэнэтхэн тасарчихдаг юм. Ингэх бүрт урам минь хугарахын оронд харин ч хүссэндээ хүрчихсэн юм шиг л сайхан санагддаг байлаа. Яг тагтааны мөр дууссан цэг дээр өөрөө очиж зогсоод, дээшээ харан, дотроо “Тэр эндээс л дээшээ ниссэн байх нь” гэж бодохын төдийд сэтгэл яаж дүүрдэг байсан гэж санана? Одоо бодоход, дагасан мөр болгоноо эцэстээ алдчихдаг “бүтэлгүй мөрдөгч” би тэр шувуудын хэр хол явсныг нь хэмжих гэж биш, харин хаа хүрээд, тэнгэрт хөөрснийг нь л мэдэх гэж өдөржин цастай газраар ямар нэг юмаа гээсэн хүн шиг бөхийж алхдаг байсан юм билээ.

Нэг удаа би байрныхаа урдах тоглоомын талбай дээрээс, бусдаасаа илүү ойрхон ойрхон гишгэлсэн тагтааны мөр оллоо. Өдөр бүр “энхийн цагаан”-ы мөрийг дагаж явсаар байгаад, тагтаанууд ер нь яажшуухан алхдгийг би мэддэг болчихсон байсан хэрэг. Тэр яаруу шувууг хаа хүрснийг нь мэдэхээр, би сонирхолтой “ажил”-аа эхлүүлэв. Өнөөх тагтааны мөр манай хажуугийн орцны довжооны доорх нүхэнд тулаад алга болчихдог юм байна. Их нарийхан зайтай газраас хүчээ авч хөөрөх боломжгүй болохоор, би тэр тагтааг гарцаагүй нүхэн дотор орсон гэж бодоод өөрийнхөө онолыг батлах гэж гараа шургуулж үзлээ. Тэгмэгцээ бушуухан гараа татаж аваад, амандаа хийхээс аргагүй боллоо. Долоовор хурууг минь бутач тагтаа тоншчихсон юм.

Байрны нүхэн дотроос цагаан толгойтой, саарал биетэй тагтаа хүзүүгээ урагш хөдөлгөн гарч ирээд “Хэн миний амгалан тайван байдлыг алдагдуулав?” гэсэн шиг хоёр тийш хэд хэд алхалснаа над руу дөхөж ирэв. Цагаан толгойт надад нуруугаа ардаа үүрсэн, ааштай өвөө шиг харагдахаар нь би нэг их чанга инээснээ, үргээд нисчихвий гэж бодоод өөдөөс нь хартал тэр тоосон шинжгүй хээвнэг зогсож байгаа харагдана. Бишүүрхээгүйд нь баярлаж, би түүнийг духнаас нь нурууг нь дагуулж зөөлөн илтэл яг суганых нь хавьд хүйтэн, үл ялиг нойтон зүйл тэмтрэгдлээ. Хуруу минь цайвар улаан өнгөтэй болчихсон байв. Хөөрхий тагтааны хатаагүй шархыг хөндсөндөө гэмшиж, түүнийг энгэртээ хийн дулаацуулах гээд өргөтөл тэр дахиад л гарыг минь тоншчихов. “Өө, муу зөрүүд!” Танихгүй тагтаанд гомдсондоо гэр лүүгээ гүйж орсноо, будааны савнаас атга будаа халааслаж аваад буцаад л гарав. “Шархтай цэрэг”-ийн оромжных нь үүдэнд өнөөх хүнсээ аваачиж сэмхэн тавьчихаад, өөрөө холхон очиж ажиглахаар шийдлээ. Хамгийн дуртай ажлаа хийж чадахаа больчихсон тэр тагтаа бас л нуруугаа үүрсээр гарч ирээд, тавьсан будаанаас түүж идчихээд хаашаа ч юм яваад өгөв. Атгахан чинээ будаагаар хооллочихоод, би тэр мөчөөс өөрийгөө түүний найзад албан ёсоор тооцож эхэлсэн юм.

Тэрнээс хойш надад шувууны мөр дагахаас гадна, бутач тагтаа хооллох шинэ ажил нэмэгдлээ. Хичээлээ тарж гэртээ ороод, цүнхээ харагдсан зүг рүүгээ шидлээд будаа аваад гардаг байв. Заримдаа тэр намайг очиход бяцхан “гэр”-тээ эзгүй байдаг байлаа. Гэсэн ч маргааш ирэхэд тавьсан хоолыг минь дуусгачихсан байдаг болохоор би шантрана гэдгийг мэддэггүй байв. Ээж минь, миний шинэ ажлын талаар олж мэдчихээд “Ямар хэрэгтэй юм?” гэж асуухаар нь би бодож,бодож байснаа “Тэр тагтаа нисдэг болно ш дээ” гэж хариулж байснаа тод санадаг. Надад тэр үед яагаад ч юм хийх ёстой юмаа л хийж байгаа мэт санагддаг байсан нь хачин.

Өвлийн амралт дуусахын үед, нэг удаа ноён (хатагтай ч байсан байж магадгүй) тагтааны гэрийн үүдэнд очиход тэр довжооны нүхний ойролцоо, ирэх зүг рүү минь хараад зогсож байлаа. Тэр яг намайг л хүлээгээд зогсож байсан гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Халааснаасаа будаагаа гаргасаар ойртоход, тэр ганц хоёрыг миний алган дээрээс тоншчихоод нүд рүү минь нэг л сониноор эгцэлж ширтэснээ, гайхуулах гэсэн мэт хоёр далавчаа том гэгч нь дэлгээд, тэрүүхэндээ гүйж хүчээ аваад нисээд явчихаж билээ.

“Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүгт нисдэг”*. Түүнийг эдгэрсэн жигүүрээ дэвэн дэвэн агаарыг сүлжихийг нь харж зогссоноо одоо бодоход энэ шүлгийн эхний мөр санаанд ордог юм. Үнэхээр тэр миний ямар нэг мөрөөдлийг, тэмүүллийг хошуундаа зуугаад холын хол нисчих шиг санагдаж байлаа. Харахгүй гэдгийг нь мэдсээр байсан ч, хойноос нь гараа далласаар хоцрохдоо би хамгийн сүүлийн харцыг нь дотроо төсөөлж байв. Тагтаанд харц байдаг гэвэл хүмүүс итгэхгүй л дээ. Гэхдээ тэр тагтаа лав харцтай байсан. Чихмэл тоглоомны шил шиг улаан нүднийх нь голын хүүхэн хараа, миний өөдөөс ширтэж байхдаа аягаа дүүртэл томорч билээ.

Тагтаанууд 8-15 жилийн настай байдаг юм гэсэн. Надад хэн нэгнийг огтхон ч хариу нэхэлгүйгээр хайрлаж болдог гэдгийг сургасан тэр тагтааг олохдоо, би өөрөө яг хэдтэй байснаа санадаггүй. 10 жилийн өмнө байх л гэж барагцаалдаг. Тэгвэл тэр тагтаа одоо амьд ч байж магадгүй. Эсвэл миний мөрөөдөл оршдог тийм нэг газар намайг хүлээгээд сууж байгаа ч юм билүү?

Одоо ч гэсэн би хааяа тагтааны мөр дагаж алхаад, төгссөн газрынх нь цэг дээр дээшээ харж зогсонгоо, хэдхэн хормын өмнө тэнд байсан тагтааг миний хөлөн дэх газраас тэнгэрт хөөрч байгаагаар төсөөлөх дуртай. Тэгж төсөөлөх бүрт, тэр тагтаануудын хүчээ авч хөөрсөн газар нь хөрөөгүй, доороос төөнөж байх шиг санагддаг юм. Магадгүй энхийн цагаануудын ниссэн газар зогсвол би ч бас өөрөө нисэх хүчтэй болдог байсан байх. Тэгвэл тэр өвөл би, өдөр бүр дээшээ нисдэг байсан юм даа.

*Яруу найрагч Д.Энхболдбаатарын шүлгийн мөрөөс

2 comments:

  1. Гоё бичжээ. сайхан санагдаж байна

    ReplyDelete
  2. Үнэхээр сайхан....Нүдэнд харагдтал бичжээ....Танд амжилт

    ReplyDelete

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.