Sunday, June 5, 2011
БИ
БИ
Биенээс ууршаад салдаггүй үүл.
Биелэх болоогүй зүүднүүд.
Бодлуудын ээлжээ хүлээх цуваа.
Бороо нэг нэгээрээ дуслах шиг.
Бодлууд минь...нээрээ бороо. Өөртөө
Шивнэх минь шиврээ шиг.
Асгарах л нь харин
Асар хүчтэй дэлбэрэлт шиг.
Бөмбөг тэсрэх шиг, тэгээд
Бөмбөлөгнүүд хөөрч байгаад хагарчих шиг.
Бодлууд...
Бөөн бөөн бодлуудын бөөгнөрөл...БИ
Уран ярууг эрж агаар самардах,
Урлагийг тархинаасаа хайх яг
Усан дундах ганц хөөсийг хагалалгүй барьж авахыг хичээх шиг.
Урагдалт, уур улангаслын дүртэй их таашаал.
Урагдсан тархиа атгаад,
Ус руугаа байн байн шумбадаг...БИ
Элдэв цэцэгнүүд, тэдний ягаан үнэрнүүд
Ийм энхрийхэн бүхнийг
Эвдрэхээс хамгаалах олон ширхэг хүслүүд
Эйффелийн цамхаг,
Эдитийн дуу,
Эрвээхэйнүүд,
Ээжүүд,
Энэ мэт
Энхрийхэн бүхэн...
Эвдрэх ёсгүй бүхэн...тэгээд БИ.
Тэгш өнцөгт хэлбэртэй нулимас
Тэсвэртэй...хэлбэр нь хүртэл хатуужсан нулимас.
Тиймээсээ илүү үгүй гэсэн хариулт.
Тэнд эндгүй дуслахдаа
Тэрүүхэндээ шинэ амь бүтээдэг
Тэгш өнцөгт нулимсууд...
Тэнгэрийн надад тавьсан
Тэмдэг минь юм...
Тэгээд өнөөх л...БИ.
2011.06.04
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.