Tuesday, April 26, 2011
Хүссэн...
Чи яваад өгсөн. Яваад өгсөнд чинь уур хүрсэн. Ганц л үнсүүлэх горьдлого дотор минь шатаж байсан юм. Шал хийтэл сэтгэл рүү шалбааг цацах шиг л...урам хугарсан.
Яагаад гэвэл урьд шөнийн бүжгэн дээр учирсан үл таних бүсгүйн хунгийнх шиг хүзүүг хэрхэн амталсныг чинь сонсож суухад шанааг минь даган хуялын бүлээн ирвэгнээ гулсаж байсан юм.
Яагад гэвэл зүс зүсийн эмэгтэйчүүдийн танан цээжийг сарны гэрэлд хэрхэн мансууртлаа энхрийлж байсныг чинь сонсож суухад амнаас чинь гарах амьсгал миний энгэрийг ямар ойрхоноос төөнөснийг чи мэдэхгүй. Анзаарсан бол би хөлөрч байсан.
Яагаад гэвэл анхны шөнөөр амрагийнхаа бүсэлхийг уруулаараа тэврэн бүчиж байсныг чинь сонсохдоо хүртэл алгаараа өөрийнхөө бэлхүүсийг нумруулан илээд, тэр охины оронд өөрийгөө төсөөлж тайвширсандаа тэр.
Нэгхэн үдэш ярилцахад чиний оршихуй намайг өдөөсөн. Үгэнд чинь шимүүлсэн миний уруул мэдээ алдаж, харцанд чинь тэмтрүүлсэн миний хацар халууцсан. Хавар дөнгөж эхэлж байсан. Бодолд чинь озуулсан миний хөх хөндүүрлэж, далд шунал чинь чихэнд лугшиж байсан. Хавар надад атаархсан.
Үүдэнд хүргэчихээд нүд лүү хачин удаан ширтэхэд чинь цаг хугацаа жингүйдэж, ертөнц биднийг нэгэн бүхэл болохыг хүлээж азнах шиг санагдсан. Юм бүхэн чинь миний тэсгэлийг алдуулах шахсан. Гэвч бүсгүй хүнийхээ төрөлхийн ихэмсэг занд дийлдээд, хүслээ чамаар түрүүлж гүйцээхийг горьдсон. Харин чи яваад өгсөн....Сэтгэл минь цацуулсан шалбаагтайгаа цуг шалба нороод л хоцорсон. Дараагийн удаа заавал...
2011.03.11
Т.Аззаяа
Subscribe to:
Post Comments (Atom)
blogtoi bolsond bayr hvrgey amjilt
ReplyDeletehi yamarch lag bichdeg yum ... bishirchihlee
ReplyDeleteхэхэ :)
ReplyDeleteunshaad dotor sonin bolj bna shd!!!aviyastai ohin shuu!amjilt husey!
ReplyDeleteuneheer aviyastai umaa.
ReplyDeleteThese are not words, these are prophecy...
ReplyDeleteand you're not a writer, you're a prophet...