Friday, June 3, 2011

Диваажинд хүрэх шатаа...

"There's a lady who's sure all that glitters is gold
And she's buying the stairway to heaven.
"
Led Zeppelin-Stairway to Heaven


Диваажинд хүрэх шатаа худалдаж авсан
Тэр эмэгтэйн домгийг сонсож алхахад
Тэнгэрээс хэн нэг ТУНГАЛАГ өнгийж ирээд
“Амьдрах уу?” гэж надаас аяар асуулаа
Би дуугарсангүй
Хажуунаас өвснүүд босч ирж хатгаад
Хариулт нэхлээ
Ханцуйнаас салхи угзарч татаад
Хариулт нэхлээ
Би дуугарсангүй
Амаа ангайхаас хулчийсан
Анир чимээгүйнхээ буцсан цуурайнд
Цохигдож хойшоо уначихаад
Амьсгалаа торхийтэл нь
Цоожилоход, балмагдсан зүрх минь
Биен дотуур ийш тийш сандарч гүйснээ
Бяцхан залбирал үйлдээд над руу харахад нь
Би дуугарсангүй
Хана налж
Өвөр дээрээ өчигдөр өнөөдөр хоёроо тавиад
Өвдгөө тэвэрч маргаашаа үгүйлэн суухуйд
Цоохор арьстай цаг хугацаа хаанаас ч юм дөхөж ирээд
“Амьдрах уу?” гэж надаас аяар асуулаа
Би дуугарсангүй...
Гэтэл
Өмнө зүгээс гэнэт
Өлгийний минь нялх үнэр
Ээжийн үнсэлт шиг хүрч ирээд
Хэвлийг минь шүргээд замхрахад нь л...
Хэзээ ч ийм итгэл төгс байгаагүйсэн...
Хэллээ, бүр хашгирлаа
“Би амьдарна аа”
2011.06.04

1 comment:

Хэрэв та Google Account-гүй бол Anonymous эсвэл Name/URL гэсэн хувилбрыг сонгож бичээрэй. Зочилсонд баярлалаа.